БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу.

МэдээлэлУнших хугацаа 10 мин

Omni shipping - Weekly news #61

Цаагуур чинь юу болоод байна?

Хайти улсад юу болов?

haiti gang

Хайти шүднийхээ өвчнөөс саллаа гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ шүд нь ганцхан байгаагүй бололтой.
Одоогоор Хайтийн нийслэл Порт-о-Пренс хотын Дэ Цитэ Солей дүүрэгт “Бостон” гэдэг нэртэй харгис бүлэглэлийн толгойлогч Маттиас Сантиль (Mathias Saintil) амь үрэгдсэн талаар мэдээллэв.

Тодруулбал, өнгөрөгч 11-р сарын 5-ны шөнө Хайтийн цагдаа нар болон Gang Suppression Force буюу GSF-ийн хамтарсан ажиллагааны үеэр бүлэглэлийн толгойлогчийг дроны цохилтод өртүүлжээ. Тэрбээр хэвлийн хэсгээрээ хүнд шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн боловч 11-р сарын 6-нд нас барсан байна.

Хайтийн Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Аиме өөрийн цахим хуудсанд “One less gang leader” буюу “Нэг бүлэглэлийн толгойлогчоор цөөрлөө” хэмээн бичиж, “Энэ удаа ганц харгислагч биш, харин бүх сүлжээг устгах тулаан үргэлжилнэ” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Ерөнхийдөө Хайти улс сүүлийн хэдэн жилийн турш харгис бүлэглэлүүдийн хяналт, хүчирхийлэлд нэрвэгдээд байгаа. 2021 онд Ерөнхийлөгч Жовенель Моиз алагдсанаас хойш улс төрийн тогтворгүй байдал улам нэмэгдэж, сонгууль удаа дараа хойшилсон. НҮБ-ын мэдээллээр Порт-о-Пренс хотын ихэнх хэсэг бүлэглэлүүдийн хяналтад орж, иргэдийн амьдрал үндсэндээ сүйрлийн хэмжээнд хүрээд байгаа юм.

Харин энэ удаагийн ажиллагаа нь Хайтийн бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаанд томоохон цохилт болсон гэж үзэж байна. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий. Хайтийн төр засаг өөрийн гэсэн аюулгүй байдлын асуудлаа шийдэхийн тулд гаднын хүчнээс ихээхэн хамааралтай болоод байна. Сальвадор улс 2,000 орчим цэргийн албан хаагчийг Хайтид илгээсэн бөгөөд тэдгээр нь олон улсын дэмжлэгтэй аюулгүй байдлын ажиллагаанд оролцож байгаа юм.

Үүний зэрэгцээ Хайтийн зарим иргэд Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букелегийн хатуу бодлогыг дэмжиж, түүнийг харгис бүлэглэлүүдтэй тэмцэх үлгэр жишээ хэмээн харж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, өөрийнх нь улс төрийн системийг хүртэл тогтвортой авч явж чадахгүй байгаа Хайтийн иргэд өөр улсын Ерөнхийлөгчийг “Манайхыг нэг авраад өгөөч” гэсэн маягаар харж байгаа нь нөхцөл байдал хэр хүнд байгааг харуулж байна.
Гэхдээ Букелег Хайтийн нийт ард түмний баатар болсон гэж хэлэхэд арай эрт. Түүний бодлогыг дэмжигчид байгаа ч гаднын цэргийн оролцоо, хүний эрхийн асуудал болон Хайтийн өөрийн төрийн байгууллагуудын хариуцлагын талаар олон асуулт хэвээр байна.
Эцсийн эцэст нэг бүлэглэлийн толгойлогчийг устгах нь сайн мэдээ байж болох ч, бүхэл бүтэн системийг устгахгүй бол дараагийн толгойлогч нь зүгээр л өөр хүн болно. Тэгэхээр Хайтид ганцхан “One less gang leader” биш, “One less gang” хэрэгтэй байгаа юм даа.

Хойд Солонгосын хил дээрх сүрдүүлэг

Өмнөд Солонгосын Гимпо хотын ойролцоо, Хойд Солонгосын хилээс ердөө 1.5 км орчим зайд байрлах Аэгибонг ажиглалтын цэгийн ойролцоо нэгэн их буу гарч ирсэн нь шуугиан дэгдээлээ.

Тодруулбал, Хойд Солонгосын талын 122 мм-ийн өөрөө явагч их буу гэж үзэж байгаа зэвсгийг Хойд Солонгосын Кэфун мужийн эрэг орчимд байрлуулсан байна. Өмнөд Солонгосын талаас дурангаар харахад бууны ам нь өмнө зүг буюу Өмнөд Солонгос руу чиглэсэн байжээ.

Тэр ч байтугай бууны ойролцоо цэргүүд байрлаж, улаан туг барьж байгаа нь харагдсан байна. Ер нь та хэд рүү буудах юм шүү! гээд байрлуулсан бууг очиж үзэхийг хүсээд байгаа нь бас инээдтэй ч юм шиг. Бөгс нь загатнаад байдаг юм болов уу даа...

Гэхдээ энэ удаагийн үйл явдал зөвхөн зэвсэг байрлуулснаар дууссангүй. Аэгибонг ажиглалтын цэгээс Хойд Солонгосын зэвсгийг харах боломжтой болсон тул хүмүүс олноороо очиж үзэх болжээ.
10-р сарын 26-наас 11-р сарын 4-ний хооронд тус газарт 13,243 хүн зочилсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

near gimpo

Энэ чинь бараг л “Хойд Солонгосын их буу харах аялал” болчихож байгаа юм биш үү? Хүмүүс Starbucks-д кофе ууж суухдаа хүртэл хилийн цаана байгаа их бууг харах гээд байгаа гэхээр нөхцөл байдал үнэхээр сонин болж байна.
Гэхдээ цахим сүлжээнд гарсан Starbucks-ийн цонхны яг гадна их буу байрлуулсан мэт зураг нь бодит биш, хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсвэл эвлүүлсэн зураг байж болзошгүй гэж мэдээлжээ. Бодит байдал дээр буу ажиглалтын цэгээс 1.5 км орчим зайд байгаа юм.

Өмнөд Солонгосын хувьд хил дээр байрлуулсан их буу болон бусад зэвсгүүдийг буулгах, цэргийн хурцадмал байдлыг намжаах оролдлого өмнө нь хийж байсан. Харин Хойд Солонгосын тал сүүлийн үед хил хамгаалалтаа чангатгах, цэргийн байрлалаа ил тод харуулах зэрэг үйлдлүүд хийж байгаа нь Өмнөд Солонгост таатай санагдахгүй л байгаа болов уу.

Энэ бүхний цаана хоёр улсын харилцаа улам хурцдаж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн хувьд Хойд Солонгосын гэнэтийн үйлдэл, цэргийн аюул заналхийлэл бодит асуудал хэвээр байна.
За тэгээд хил дээрх их бууг харах гээд 13 мянган хүн очсон гэхээр нэг талаасаа аюултай, нөгөө талаасаа “дайны музей” үзэж байгаа юм шиг л болж байна.

Йемений Хуситууд Саудын Арабын Aramco компанийн оффис руу довтлохыг оролдов

Өнгөрөгч 11-р сарын 8-ны ням гарагт Саудын Арабын нийслэл Рияд хотын санхүүгийн төвд байрлах газрын тосны аварга Aramco компанийн оффисын барилга довтолгоонд өртжээ.

Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр, Йемений Ирантай холбоотой Хусит босогчдын пуужингийн довтолгоог саатуулсны дараа унасан хэлтэрхийнүүд Aramco Tower-ийн хэд хэдэн давхрын цонхыг гэмтээсэн байна.
Аз болоход хүний амь нас эрсдээгүй бөгөөд хохирол харьцангуй бага байсан гэж албаныхан мэдээлжээ.

Reuters-ийн мэдээлснээр, Саудын Арабын тал Рияд руу чиглэсэн хоёр пуужинг саатуулсан гэж мэдэгдсэн байна. Харин Хуситуудын талаас тухайн довтолгооны талаар эхэндээ шууд тайлбар өгөөгүй.
Энэ үйл явдал нь Саудын Араб болон Хуситуудын хоорондын мөргөлдөөн дахин хурцдаж байгааг харуулж байна.
Саудын Арабын хувьд Aramco бол зүгээр нэг газрын тосны компани биш. Дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд улсын эдийн засгийн гол тулгуур юм. Тиймээс газрын тосны байгууламж, экспортын дэд бүтэц рүү чиглэсэн аливаа довтолгоо нь зөвхөн Саудын Арабт биш, дэлхийн газрын тосны зах зээлд хүртэл нөлөөлөх боломжтой.

Харин Хуситуудын хувьд газрын тосны байгууламж, нисэх буудал, боомтууд руу довтлох нь Саудын Арабт дарамт үзүүлэх нэг арга болж байна.
Ер нь газрын тосны байгууламж руу пуужин харвана гэдэг чинь зүгээр нэг “байлдааны ажиллагаа” биш. Дэлхийн газрын тосны үнэ, тээврийн зардал, даатгалын үнэ хүртэл хөдөлгөж мэдэх асуудал.

За тэгээд газрын тосны аварга компанийн оффис руу довтолж байгаа нь дэлхийн эдийн засгийн хувьд “наад зах нь цонх хагарлаа” гээд өнгөрөх зүйл биш юм.
Гэхдээ Саудын Араб нэг тэрбум доллар санал болгож, Хуситууд “50 тэрбум нэмээд өг” гэж хариулсан гэх яриа одоогоор найдвартай эх сурвалжаар батлагдаагүй тул энэ хэсгийг мэдээнээс хаслаа. Интернет дээр гарсан хошигнолыг бодит дипломат хэлэлцээр болгож болохгүй шүү дээ.

Ираны аюулгүй байдлын тэргүүн Мохсен Резаи ОХУ-д айлчиллаа

mohsen rezaei

2026 оны 11-р сарын 5-нд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи Кремльд айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.
Ираны төрийн телевиз болон Reuters-ийн мэдээлснээр уг айлчлал нь бараг нэг сарын өмнөөс төлөвлөгдсөн байсан ч бүс нутгийн цэргийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилжээ.

Уулзалтын үеэр Резаи Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеигийн илгээлтийг Путинд дамжуулсан байна. Тэд бүс нутгийн аюулгүй байдал, Иран–АНУ-ын мөргөлдөөний дараах зохицуулалт, Орос–Ираны хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Мөн нэг сонирхолтой зүйл нь Оросоос Иран руу байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Иран өөрөө байгалийн хийн асар их нөөцтэй улс боловч дотоодын хийн хомсдолтой тулгараад байгаа. Харин Оросын хувьд хориг арга хэмжээнүүдийн улмаас Европын зах зээлд алдсан хийн экспортоо өөр чиглэлд гаргах сонирхолтой байгаа юм.

Гэхдээ уулзалтын хамгийн сонирхолтой хэсэг нь Резаи АНУ-тай хийх хэлэлцээрийн талаар мэдэгдсэн явдал байв.
Түүний хэлснээр Иран АНУ-д долоон нөхцөл тавьсан бөгөөд тэдгээрийг биелүүлэхгүй бол Ормузын хоолойг нээх, энхийн хэлэлцээр хийх асуудалд ахиц гарахгүй гэнэ.
“Манай долоон нөхцөлийг биелүүлэхгүй бол бид Ормузын хоолойг нээхгүй, хэлэлцээр хийхгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Энэ бол зүгээр нэг дипломат үг биш. Ормузын хоолой бол дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал замуудын нэг. Дэлхийн газрын тосны асар их хэмжээ энэ хоолойгоор дамжин өнгөрдөг учраас Ираны хувьд үүнийг хаах нь АНУ болон дэлхийн эдийн засагт хүчтэй дарамт үзүүлэх хэрэгсэл юм.
Тэгэхээр Иран үндсэндээ “Та нар бидэнтэй хэлэлцээр хийхийг хүсэж байгаа бол эхлээд бидний тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөр” гэсэн байр суурьтай байна.
Мөн Резаи саяхан Катар, Саудын Араб, Пакистан зэрэг улсуудтай уулзсан тухайгаа дурджээ.

За гэхдээ энэ уулзалтуудын гол зорилго нь энх тайван тогтоох уу, эсвэл бүс нутгийн улс орнуудыг өөрийн талд татах уу гэдэг нь тусдаа асуудал. Одоогоор АНУ, Ираны талуудын байр суурь нэлээд хол хэвээр байна.
Ерөнхийдөө энэ уулзалт нь Орос, Иран хоёр дайны дараах бүс нутгийн аюулгүй байдлыг хамтран зохион байгуулах, эрчим хүчний хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгааг харуулж байна.

ОХУ, Украины дайны хохирлын нууц тайлан ил болов

rosstat

ОХУ-ын төрийн статистикийн алба Росстатын мэдээллийн сан хакердуулсан гэх мэдээлэл гарч, Украины дайны үеэр амь үрэгдсэн оросуудын тоотой холбоотой шинэ мэдээллүүд олон нийтэд ил боллоо.

Задарсан мэдээллийг харах бол энд дарна уу.

Беларусийн Cyber Partisans болон Silent Crow гэх хоёр хакер бүлэг Росстатын мэдээллийн санд нэвтэрч, 23 терабайт орчим мэдээлэл авсан гэж мэдэгдсэн байна.
Тэдний нийтэлсэн мэдээллээр 2022 оны 2-р сараас 2026 оны 8-р сарын хооронд дайны улмаас амь үрэгдсэн орос иргэдийн тоо 393,881-ээс 450,100 орчимд хүрсэн гэж тооцжээ.
Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Энэ хоёр тоо хоорондоо зөрүүтэй байгаа нь өөр өөр аргачлалаар тооцсонтой холбоотой.

Cyber Partisans бүлэг зөвхөн дайны ажиллагаатай шууд холбогдсон нас баралтуудыг тооцсон бол Silent Crow нь цэргийн албан хаагчдын байлдааны бус нас баралт, шалтгаан нь тодорхойгүй зарим тохиолдлыг ч багтаасан байна.
Тэгэхээр 450 мянган хүн бүгд фронт дээр буудуулж амь үрэгдсэн гэсэн үг биш. Энэ нь дайны ажиллагаатай холбоотой нас баралтын илүү өргөн хүрээтэй тооцоо юм.
Мөн ОХУ-ын төрийн байгууллагууд мэдээллийн сангаа хакердуулсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хараат бусаар шалгах ажил үргэлжилж байна.

Гэхдээ энэ мэдээлэл үнэн бол Оросын дайны хохирлын хэмжээ асар их байгааг харуулж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оросын хувьд ийм хэмжээний хүний хохиролтой дайн болоогүй гэж шинжээчид үзэж байна.
За тэгээд Оросын төрийн статистикийн байгууллагын мэдээллийг хакердаад, дайнтай холбоотой тоонуудыг ил гаргана гэдэг чинь бараг л “төрийн нууцын Excel sheet” задруулж байгаа юм биш үү?

Гэхдээ инээдтэй нь энэ тоонуудыг хараад хэн ч баярлахгүй. Учир нь энэ бол статистик биш, бодит амьдрал дээр амиа алдсан хэдэн зуун мянган хүний тухай асуудал юм.

Хятадын хилийн хязгаарлалтаас болж Оюун толгойн зэсийн экспорт 70 хувиар буурав

ot

Өнгөрсөн аравдугаар сарын 15-наас эхлэн БНХАУ-ын Ганцмод боомтын нэвтрүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт үүссэнээр Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт эрс буурчээ.

Тодруулбал, хэвийн үед өдөрт 13–15 цуваа зэсийн баяжмал тээвэрлэдэг байсан бол дөрөв орчим цуваа болж буурсан талаар Оюу толгой мэдээлсэн байна.
Зарим мэдээллээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн экспорт 70 орчим хувиар буурсан бөгөөд Хятадын талын боомтын засвар, тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх зохицуулалт үүнд нөлөөлсөн аж.

Гэхдээ асуудлыг шийдвэрлэхээр хоёр улсын талууд ажиллаж эхэлсэн байна.
11 дүгээр сарын 2–3-нд ажилласан ажлын хэсгийн мэдээллээр зэсийн экспортын тээвэрлэлтийн өдөр тутмын нэвтрэлт 14 байсан бол 134 болж нэмэгдсэн бөгөөд Ханги–Мандал боомтын чиглэлийн экспортын автомашины тоо 130-аас 530 болж өсжээ. Цаашид өдөрт 700–800 автомашинд хүргэхээр тохиролцсон байна.

Та юу гэж бодож байна?

Монголын экспорт ганцхан боомтоос хамаарах нь хэр эрсдэлтэй вэ?

Оюу толгойн зэсийн экспорт Хятадын хилийн нэвтрүүлэх хязгаарлалтаас болж огцом буурсан талаар дээр дурдлаа. Гэхдээ энэ асуудал зөвхөн Оюу толгойн тухай биш. Монголын экспортын гол урсгалуудын ихэнх нь урд хөршөөр дамждаг учраас хил, боомт дээр үүссэн жижигхэн асуудал ч манай эдийн засагт том нөлөө үзүүлэх боломжтой.
Тэгэхээр Монгол улс экспортын өөр гарц, тээврийн маршрутаа нэмэгдүүлэх хэрэгтэй юу? Эсвэл одоогийн дэд бүтцээ илүү сайжруулах нь зөв үү?

Нэг боомт дээр асуудал үүсэхэд бүхэл бүтэн экспорт саатдаг байдал хэр удаан үргэлжлэх бол?

Та юу гэж бодож байна? Монголын экспортын хараат байдлыг бууруулах хамгийн зөв арга юу вэ? Сэтгэгдлээ хуваалцаарай.

Зөвлөгөө

Хятадаас бараа захиалахдаа тээврийн зардлаа хэрхэн зөв тооцох вэ?

Хятадаас бараа захиалахдаа зөвхөн барааныхаа үнийг хараад “За энэ чинь ашигтай юм байна” гээд захиалчихдаг хүн олон. Гэхдээ бараа Монголд ирэх хүртэл хэд хэдэн зардал нэмэгдэж болохыг мартдаг шүү.

Тэгэхээр захиалга өгөхөөсөө өмнө дараах зүйлсийг заавал тооцоолоорой.

  1. Барааны хэмжээгээ зөв тооцоолох
    Тээврийн үнэ зөвхөн жингээс хамаардаггүй. Зарим төрлийн ачаанд эзлэхүүн буюу CBM (м³) чухал нөлөөтэй. Хөнгөн боловч их зай эзэлдэг бараа тээврийн зардал өндөртэй байх боломжтой.

  2. Барааны жин, эзлэхүүнийг урьдчилан асуух
    Нийлүүлэгчээс барааны савлагаатай жин болон хайрцагны хэмжээгээ авах хэрэгтэй. Савлагааны дараах хэмжээ нь тээврийн үнийг тооцоход илүү бодит мэдээлэл болдог.

  3. Тээврийн үнэд юу багтаж байгааг тодруулах
    Зөвхөн тээврийн үндсэн үнэ үү, эсвэл гаалийн бүрдүүлэлт, даатгал болон бусад үйлчилгээ багтсан уу гэдгийг заавал асуугаарай. Хямд үнэ хараад баярлахын өмнө яг юунд төлж байгаагаа мэдэх нь чухал.

  4. Ачаагаа даатгуулах боломжийг судлах
    Тээвэрлэлтийн явцад эрсдэл гарч болзошгүй. Ялангуяа өндөр үнэтэй, эмзэг бараа тээвэрлүүлж байгаа бол даатгалын нөхцөлөө урьдчилан шалгаарай.

  5. Тээврийн хугацааг бодитой тооцох
    Бараа Хятадын агуулахад хүрсэн өдрөөс эхлээд Монголд ирэх хүртэлх хугацаа, хил болон гаалийн саатал гарах боломжийг тооцох хэрэгтэй. “Маргааш ирнэ” гэсэн амлалтад бүх бизнесээ даатгачихаж болохгүй шүү. 😅
    Ер нь тээврийн зардлаа зөв тооцоолохын тулд барааны үнэ + тээврийн үнэ + гааль болон бусад зардал гэсэн нийт өртгийг харж байгаарай.
    Хямд захиалга хийх нь нэг хэрэг. Харин бараагаа ашигтайгаар, найдвартай авчрах нь өөр хэрэг шүү.

Эцэст нь хэлэхэд, найдвартай тээвэр гэдэг зөвхөн ачааг хүргэх биш, харин хугацаа, зардал, эрсдэлийг зөв удирдахыг хэлнэ.

Олон улсын тээвэртэй холбоотой асуулт байвал бидэнд хандаарай. Omni Shipping таны ачааг найдвартай тээвэрлэхэд туслах болно.

Бусад мэдээ

Omni shipping - Weekly news #60

Крипто ертөнцийн түүхэн дэх хамгийн том халдлага, Чилийн зэсийн зах зээлийн боломж, Монголын транзит тээврийн урсгалын өөрчлөлт гээд анхаарал татахуйц үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Орос–Украины дайны нөхцөл байдал, АНУ–Ираны хурцадмал байдал дэлхийн худалдаа, газрын тос, тээврийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Omni shipping - Weekly news #58

Франц гэлтгүй Европ тэр аяараа эмх замбараагүй болох эрсдэлтэй болов. Зеленский, Трамп 2-н toxic харилцаа үргэлжилсээр. Йемен арай давраад байна уу? - Египт. Хилээр алт, монетыг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг оролдох оо болиорой хүмүүсээ!

Үнийн санал авах