资讯阅读约 6 分钟

Omni shipping - Weekly news #63

Цаагуур чинь юу болоод байна?

Трамп, Ши Жиньпин, Путин гурав уулзлаа. Дэлхийн шинэ гурвалсан холбоо үүсэх боломжтой юу, ер нь?

trump xi putin

Өнгөрсөн долоо хоногт удахгүй болох гэж байгаа талаар нь ярьж байсан уулзалт маань энэ долоо хоногт бодитоор боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар арваннэгдүгээр сарын 19-нд Хятадын Шэньжэнь хотод анх удаа гурвалсан уулзалт хийсэн байна.

Уулзалтын дараа гурван улс хамтарсан дөрвөн чиглэл бүхий энх тайвны тунхаглал гаргажээ. Үүнд НҮБ-ын тогтолцоог шинэчлэх, цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах яриа хэлэлцээ хийх, газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтсан байна.

Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий.
Трампын хүсэж байсан цөмийн зэвсгийн хяналтын бодит хэлэлцээний тов, тодорхой амлалт гараагүй. Мөн Украины дайн болон Ирантай холбоотой асуудлуудыг тунхаглалд тусгаагүй байна.

Олон улсын харилцааны шинжээчдийн хувьд энэ уулзалтын хамгийн том үр дүн нь тодорхой тохиролцоо гэхээсээ илүү Путин дэлхийн тавцанд дахин томоохон тоглогчийн байр сууриа харуулсан явдал байж магадгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, гурван улсын удирдагч нэг зураг дээр багтлаа гээд дэлхийн асуудлууд шийдэгдчихсэн гэсэн үг биш. Харин цаашид эдгээр гурван улсын харилцаа ямар чиглэлд явах вэ гэдэг нь дэлхийн улс төр, худалдаа, эрчим хүчний зах зээлд чухал нөлөөтэй хэвээр байна.

Эх сурвалжийн мэдээллээр Трамп энэ уулзалтаа 10-аас 12 оноо авсан гэж үнэлсэн гэнэ. За тэрийг нь өөрсдөө л мэдэг дээ.


Украйны дайн Ливид хүрлээ. Оросын хөлөг онгоцуудыг далайд дроноор бөмбөгдөв

libya

Украин, Оросын дайны ажиллагаа зөвхөн Хар тэнгис, Украины нутаг дэвсгэрээр хязгаарлагдахаа больж байх шиг байна.

Арваннэгдүгээр сарын 22-нд Украины тал Ливийн Бенгази хотын тэнгисийн цэргийн баазад байрлаж байсан Оросын Merkury нэртэй байлдааны хөлөг онгоцыг далайн дроноор довтолж живүүлсэн гэж мэдэгджээ.

Үүнээс гадна Оросын MV Angara нэртэй ачааны хөлөг онгоц руу мөн довтолсон байна. Украины тал уг хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэхэд ашиглаж байсан гэж мэдэгдсэн юм.
Хамгийн сонирхолтой нь долоон ширхэг Украины үйлдвэрлэсэн далайн дроныг эх хөлөг онгоцноос хөөргөж довтолгоо хийсэн гэх мэдээлэл байна.

Мөн үүний өмнөх өдөр Финландын буланд Оросын Sparta II нэртэй логистикийн хөлөг онгоц дроны довтолгоонд өртөж гал гарсан байна. Финландын цэргийнхэн уг довтолгоог Украин хийсэн байх магадлалтай гэж мэдэгджээ.

Эндээс харахад Украины дайн газарзүйн хувьд улам өргөжиж, далайн тээврийн хөлөг онгоц, логистикийн дэд бүтэц хүртэл дайны бай болж эхэлж байна.

Нөгөө талаас Балтийн тэнгис, Хар тэнгис болон Газар дундын тэнгисийн орчимд Оросын далайн үйл ажиллагаанд дарамт нэмэгдэж болзошгүй.
Дайн гэдэг чинь зөвхөн газрын зураг дээрх фронтын шугамаар хэмжигдэхээ больжээ.


Агаарын тээврийн үнэ 7 дахь долоо хоногтоо өслөө

air freight

Агаарын тээврийн зах зээлд үнэ өсөх хандлага үргэлжилсээр байна. Дэлхийн агаарын карго тээврийн дундаж үнэ арваннэгдүгээр сарын 9–15-ны долоо хоногт нэг кг тутамд 3.49 ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 2%-иар өсжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ өсөлт долоо дахь долоо хоногтоо дараалан үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 32%-иар өндөр үзүүлэлт болж байна.

Гэхдээ үнэ өссөн нь ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой биш. Харин дэлхийн агаарын карго тээврийн багтаамж 2%-иар буурч, тээвэрлэх боломжтой ачааны хэмжээ багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл, эрэлтээс гадна нийлүүлэлтийн хүчин чадал ч үнэд нөлөөлж байна гэсэн үг.

Тэгвэл импортлогчдод ямар хамаатай вэ?

Ялангуяа электроник, эм эмнэлгийн хэрэгсэл, автомашины сэлбэг болон хугацаа чухал бараа импортолдог бизнесүүд агаарын тээврийн зардлаа илүү нарийн тооцох хэрэгтэй болж байна. Яаралтай захиалга сүүлийн мөчид гаргах тусам сонголт багасаж, зардал нэмэгдэх эрсдэлтэй.

Мэдээж 3.49 ам.доллар гэдэг нь дэлхийн дундаж үзүүлэлт болохоос Монгол руу тээвэрлэх нэг кг-ийн бодит үнэ биш шүү.


Азийн том төслүүд нэмэгдэж байгаа ч ачааг нь тээвэрлэх дэд бүтэц хүрэлцээ муутай байна

asia development

Азийн орнуудад эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүд нэмэгдэхийн хэрээр том оврын болон хүнд даацын ачаа тээвэрлэлтийн эрэлт өсөх төлөвтэй байна.
Гэхдээ нэг асуудал бий. Тээвэрлэлтийн эрэлт нэмэгдэж байгаа ч зарим улсын зам, гүүр болон боомтын дэд бүтэц ийм хэмжээний ачааг даахад хангалтгүй хэвээр байна.
Саяхан Сингапурт болсон Breakbulk Asia арга хэмжээний үеэр салбарын мэргэжилтнүүд 500–1,500 тоннын жинтэй том оврын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн модулиудыг тээвэрлэхэд зам, гүүрийн даац гол саад болж байгааг онцолжээ.

Яагаад энэ мэдээ чухал вэ?

Манай уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбаруудын хувьд том оврын машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын эд анги импортлох хэрэгцээ байнга гардаг.

Ийм ачааг тээвэрлэхэд зөвхөн далайн болон төмөр замын маршрутаа сонгоод асуудал шийдэгдэхгүй. Боомтоос эцсийн байршил хүртэлх зам, гүүрийн даац, ачаа буулгах тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл гээд олон зүйлийг урьдчилан тооцох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжөө худалдаж авсны дараа яаж авчрах вэ гэж бодох биш, худалдан авалтын шийдвэр гаргахаасаа өмнө тээврийн боломжоо судлах хэрэгтэй болж байна даа.


Далайн тээврийн үнэ чиглэлээсээ хамааран өөрчлөгдөж байна

sea freight

Xeneta компанийн арваннэгдүгээр сарын 20-ны долоо хоногийн тайлангаар Алс Дорнодоос Европ болон АНУ руу чиглэсэн далайн контейнер тээврийн зарим үнийн үзүүлэлт буурчээ.

Харин Алс Дорнодоос Газар дундын тэнгис рүү чиглэсэн 40 футын контейнерийн зах зээлийн дундаж үнэ долоо хоногийн дотор 6.8%-иар өссөн байна.

Үүний нэг шалтгаан нь Улаан тэнгисээр дамжин өнгөрөх контейнер хөлөг онгоцны хөдөлгөөн дахин саарсан явдал юм. Баб-эль-Мандебийн хоолойгоор өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөний долоо хоногийн дундаж үзүүлэлт аравдугаар сарын 25-ны оргил үеэс арваннэгдүгээр сарын 19 гэхэд 28%-иар буурчээ.

Импортлогчдод юу гэсэн үг вэ? Далайн тээврийн үнэ бүх чиглэлд ижил хэмжээгээр буурахгүй байна. Маршрут, боомт, дамжин өнгөрөх цэгийн сонголт тээврийн үнэ болон хугацаанд шууд нөлөөлж болзошгүй. Тиймээс захиалга хийхдээ зөвхөн үнийг бус, хөлөг онгоцны хуваарь, дамжин өнгөрөх хугацааг хамтад нь тооцох хэрэгтэй.


Трамп NVIDIA-н CEO-г буцааж авчирлаа. Компанийн хувьцаа даруй 31%-р өсөв.

trump jensen huang

Өнгөрсөн долоо хоногт Nvidia-ийн CEO Jensen Huang албан тушаалаасаа бууж, компанийн эргэн тойронд нэлээн том дуулиан дэгдсэн талаар ярьж байсан даа. Гэтэл энэ долоо хоногт үйл явдал бүр эсрэгээрээ эргэжээ.

Nvidia-ийн ТУЗ арваннэгдүгээр сарын 23-нд Jensen Huang-ийг компанийн ерөнхийлөгч, CEO-ийн албан тушаалд буцаан томилсон байна.
Хамгийн сонирхолтой нь энэ шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрөө оролцсон гэдгээ CNBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр Nvidia-ийн ТУЗ-тэй шууд болон шууд бусаар холбогдож, Huang-ийг буцаан авахыг дэмжсэн бөгөөд бүр "I convinced them" буюу "Би тэднийг ятгасан" гэж мэдэгдсэн байна.
Мөн Трампын засаг захиргаа Huang-ийг буцаан томилох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэсэн баталгааг компанийн ТУЗ-д өгсөн гэж мэдээлжээ.

Зах зээл ч энэ мэдээг нэлээн хүчтэй хүлээж авсан байна. Nvidia-ийн хувьцаа нэг өдрийн дотор 31%-иас дээш өсөж, технологийн зах зээлийн томоохон сэргэлтэд нөлөөлжээ.
Гэхдээ бүх асуудал дууссан гэсэн үг биш. Huang нь Хятадад AI чип хууль бусаар дамжуулсан байж болзошгүй асуудал болон бусад маргаантай холбоотойгоор АНУ-ын Конгрессын хэд хэдэн шалгалтад өртсөн хэвээр байна.
Эндээс нэг сонирхолтой асуулт гарч ирнэ.

Дэлхийн хамгийн том AI чип үйлдвэрлэгч компанийн CEO-г буцаан томилох шийдвэрт хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө оролцож байгаа нь Nvidia ямар хэмжээний стратегийн ач холбогдолтой болсныг харуулж байна.

Уг нь компаниудын удирдлагын асуудлыг ТУЗ шийддэг биз дээ? Гэтэл AI-ийн эрин үед зарим компанийн асуудал төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалтай холилдож эхэлжээ.


Та юу гэж бодож байна?

AI КОМПАНИУД ХУВИЙН БИЗНЕС ҮҮ, ЭСВЭЛ УЛСЫН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ҮҮ?

Nvidia-ийн Jensen Huang-ийн асуудалд Трамп хүртэл оролцсон нь AI технологи ямар стратегийн ач холбогдолтой болсныг харуулж байна.
Өнөөдөр AI зөвхөн технологийн салбарын асуудал байхаа больж, улс орнуудын эдийн засаг, аюулгүй байдал, олон улсын өрсөлдөөний нэг хэсэг болжээ.

Гэхдээ төр хувийн компанийн шийдвэрт хэр хүртэл оролцох ёстой вэ?
Таны бодлоор AI-ийн аварга компаниуд төрийн стратегийн нэг хэсэг болох уу, эсвэл хувийн бизнесийн хувиар бие даан ажиллах ёстой юу?


Мэргэжилтний зөвлөгөө

ТОМ ОВРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИМПОРТЛОХ ГЭЖ БАЙНА УУ? ЭНЭ 3 ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ.

Том оврын машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлоход зөвхөн барааны үнэ, нийлүүлэгчээ сонгох хангалтгүй. Тээвэрлэлтийн нөхцөлөө урьдчилан тооцох хэрэгтэй.

  1. Хэмжээ, жингээ тодорхойл.
    Сав баглаа боодолтой үеийн хэмжээ, нийт жин болон салгаж ачих боломжийг нийлүүлэгчээсээ аваарай.

  2. Маршрут, замын нөхцөлөө шалга.
    Контейнерт багтах эсэх, замын даац, гүүрийн өндөр болон тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг урьдчилан судлаарай.

  3. Ачих, буулгах нөхцөлөө тооц.
    Кран, тусгай зориулалтын машин, бэхэлгээ болон буулгах талбайн боломжийг заавал шалгаарай.

Эцэст нь хэлэхэд, тоног төхөөрөмжөө худалдан авахаасаа өмнө тээвэрлэлтийн боломжоо баталгаажуулах нь гэнэтийн зардал, саатлаас сэргийлэх хамгийн зөв алхам шүү.

更多资讯

Omni shipping - Weekly news #62

Энэ долоо хоногт дэлхий даяар нилээн олон анхаарал татах үйл явдлууд болж байна. AI-ийн аварга компаниудын удирдлагаас эхлээд дэлхийн гурван том гүрний уулзалт, газрын ховор элементийн үнэ гээд сонин хачин ихтэй. Зэсийн ханш ядаж байхад доошоо пуужиндаад манай Монголын инфляц ч бас буух шинжгүй. Өөрөөр хэлбэл, гадаадад болж байгаа үйл явдлууд бидэнд тийм ч холын асуудал биш болж байна даа, яана даа.

Omni shipping - Weekly news #61

Цаагуур чинь юу болоод байна? Хайти улсад юу болов? Хайти шүднийхээ өвчнөөс саллаа гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ шүд нь ганцхан байгаагүй бололтой.Одоогоор Хайтийн…

Omni shipping - Weekly news #60

Крипто ертөнцийн түүхэн дэх хамгийн том халдлага, Чилийн зэсийн зах зээлийн боломж, Монголын транзит тээврийн урсгалын өөрчлөлт гээд анхаарал татахуйц үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Орос–Украины дайны нөхцөл байдал, АНУ–Ираны хурцадмал байдал дэлхийн худалдаа, газрын тос, тээврийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

获取报价