В связи с китайским праздником, ремонтом дорог в Эрине и нехваткой топлива движение по маршруту Эрин-УБ временно задерживается. Просим проявить терпение и понимание.

Новости8 мин чтения

Omni shipping - Weekly news #62

Цаагуур чинь юу болоод байна?

NVIDIA-ийн CEO Jensen Huang-н суудал Colette Kress рүү очив. AI-н ноёрхлын төлөөх дайн үргэлжилсээр

jensen huang

Энэ долоо хоногт Nvidia-ийн үүсгэн байгуулагч, CEO асан Jensen Huang-ийн асуудал нилээн шуугиан тарилаа. Тэрээр албан тушаалаасаа буусны дараа компанийн ТУЗ түүнийг эргүүлэн авчрах асуудлыг одоогоор хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Гол асуудал нь Хятадтай холбоотой үндэсний аюулгүй байдлын шалгалт. Huang нь Хятадын тагнуултай холбоотой байж болзошгүй хүнтэй харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа Nvidia тусгай хуулийн фирмээр шалгалт хийлгэж эхэлжээ.

Гэтэл нөгөө талд нь түүнийг буцааж авчрах хүсэлтэй хүмүүс ч зүгээр суусангүй. Трамп болон технологийн салбарын зарим нөлөө бүхий хүмүүс “Bring Jensen Back” аяныг дэмжиж, цахим өргөдөлд 180 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Үүн дээр нэмээд АНУ-ын Худалдааны яам Хятадын компаниуд гуравдагч орны дата төвүүдээр дамжуулан Nvidia-ийн дэвшилтэт AI чипний хүчин чадлыг ашиглах боломжийг хязгаарлах шинэ журам гаргажээ.

Нэг талаас CEO-гийн асуудал, нөгөө талаас АНУ–Хятадын технологийн дайн. Nvidia-ийн нэр энэ долоо хоногт ёстой юм юманд орж байна. AI-ийн зах зээл дээр чип хийдэг компани байхаасаа аль хэдийн геополитикийн тоглогч болчихсон бололтой. Зарим хүмүүс Nvidia-н хувьцааг унаж байгаа дээр нь авах хэрэгтэй ч гэж ярьж байна. Гэхдээ тэр тал дээр жаахан азнасан нь зүйтэй болов уу.


Трамп-н NVIDIA хувьцааны арилжаа: Ашиг сонирхлын зөрчил үү, эсвэл зүгээр л арилжаа юу?

jensen huang and donald trump

Трампын нэр энэ долоо хоногт Nvidia-тай холбоотой өөр нэг мэдээнд бас орж ирлээ.
CNBC-ийн судалгаагаар Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш түүний хөрөнгө оруулалтын данс Nvidia-ийн хувьцааг дор хаяж 103 удаа худалдан авч, худалдсан байна. Нийт арилжааны дүнг 27–97.5 сая ам.долларын хооронд гэж тооцжээ.

Хамгийн сонирхолтой нь 2026 оны тавдугаар сарын 18-нд 500 мянгаас 1 сая ам.долларын үнэлгээтэй Nvidia-ийн хувьцааг худалдсан гүйлгээ бүртгэгдсэн байна. Энэ нь Трамп-д Nvidia-ийн удирдлагатай холбоотой Хятадтай холбоотой сэжиг бүхий харилцааны талаар мэдээлэл өгсөн гэх үйл явдлаас ердөө тав хоногийн дараа болжээ.

Трамп өөрт нь ийм мэдээлэл өгсөн гэдгийг үгүйсгэсэн бол Цагаан ордон хөрөнгө оруулалтын дансыг нь хараат бус зөвлөхүүд удирддаг гэж мэдэгдсэн байна.
Мэдээж хувьцаа авах, зарах нь өөрөө асуудал биш. Харин төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хөрөнгө оруулалт тухайн үеийн улс төр, эдийн засгийн мэдээлэлтэй давхцаж эхлэхээр хүмүүсийн хардлага ч бас хөдөлнө.


Трамп, Ши Жиньпин, Путин нарын удахгүй болохоор яригдаж буй уулзалт халуухан сэдэв болж байна

trump xi putin

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 11 сарын 19-нд Шэньжэнь хотод уулзах боломжтой талаар мэдээллүүд гарчээ. Гэхдээ уулзалтын эцсийн баталгаажуулалттай холбоотой тодорхойгүй зүйлс байсаар байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалт ч бас богино биш. Цөмийн зэвсгийн хяналт, Ирантай холбоотой мөргөлдөөн, худалдааны тариф, олон улсын аюулгүй байдал гээд нэлээн том сэдвүүд бий.

Харин Украины дайны асуудал дээр гурван талын байр суурь зөрөх боломжтой. АНУ цөмийн зэвсгийн хяналт болон Ойрх Дорнодын асуудалд төвлөрөх сонирхолтой байгаа бол ОХУ Украины асуудлыг хэлэлцэхийг чухалчилж байна.

Гурван том гүрний удирдагч нэг ширээнд суухад зөвхөн өөрсдийнх нь асуудал яригдаад дуусахгүй. Тэдний гаргах шийдвэр худалдаа, тариф, хориг арга хэмжээ, эрчим хүч, тээвэр логистикийн урсгалд хүртэл нөлөөлнө. Жижиг зах зээлтэй орнуудын хувьд ийм уулзалтыг зүгээр нэг улс төрийн мэдээ гээд алгасахад хэцүү.


Хятадын газрын ховор элементийн үнэ 62 хувиар өсөв

62%

Хятадын газрын ховор элементийн салбарт ч бас нэлээн хөдөлгөөн оржээ. Томоохон үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөж, неодим-празеодимын нэгдлийн үнэ 62 хувиар нэмэгдэн тонн тутамдаа 719,000 юаньд хүрсэн байна.

Үүний гол шалтгаан нь Хятад улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтад тавих хяналтаа улам чангатгасантай холбоотой.
Яагаад энэ мэдээ чухал вэ гэхээр газрын ховор элемент бол зүгээр нэг уул уурхайн түүхий эд биш. Цахилгаан автомашины мотор, салхин турбин, электрон төхөөрөмж, өндөр технологийн үйлдвэрлэлд шууд хэрэгтэй материалууд юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд газрын тос, нүүрс, зэсээс гадна технологийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт дээр ч өрсөлдөж эхэлжээ.
Хятад энэ салбарт хангалттай том байр суурьтай. Тэгэхээр олборлолт, нийлүүлэлтэд нь жаахан өөрчлөлт ороход л дэлхийн үйлдвэрлэгчид дагаад хөдөлгөөнд ордог гэсэн үг.


Зэсийн үнэ буурахын зэрэгцээ Монгол улсын эдийн засаг илүү хүндэрч байна

cu price down

Зэсийн ханш сүүлийн үед буурах чиглэлд явж байгаа нь утгаараа бидэнд юм өгөөд байна л даа. Лондоны металлын биржийн мэдээллээр 11 сарын 13-ны байдлаар зэсийн бэлэн ханш тонн тутамдаа 13,610 ам.долларт хүрчээ. Энэ нь есдүгээр сарын 22-ны 14,797 ам.долларын түвшнээс ойролцоогоор 8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үүнд дэлхийн зах зээлийн эрэлтийн төлөв, худалдааны тарифын тодорхойгүй байдал болон томоохон эдийн засгуудын өсөлтийн хүлээлт нөлөөлж байна.

Тэгвэл бидэнд ямар хамаатай вэ?

Манай улсын хувьд зэс бол экспортын орлогын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг. MIRA-ийн судалгаагаар 2026 оны эхний хагаст зэсийн экспорт нийт экспортын орлогын 44.7 хувийг бүрдүүлсэн байна.

Тэгэхээр зэсийн үнэ удаан хугацаанд буураад байвал:
• Экспортын орлого: Ижил хэмжээний зэс гаргасан ч тонн тутмын үнэ бага бол валютын орлого маань багасна.
• Улсын төсөв: Уул уурхайн компаниудын ашиг, АМНАТ болон татварын орлогод дарамт үүсэж, төсвийн төлөвлөгөө ч бас асуудалд орж болзошгүй.
• Валютын ханш: Гадаад валютын орох урсгал багасвал төгрөгт дарамт ирж, ам.долларын ханш өсөх эрсдэлтэй.
• Хөрөнгө оруулалт: Зэсийн үнэ удаан хугацаанд сул байвал уул уурхайн шинэ төслүүд, тоног төхөөрөмжийн худалдан авалт болон хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд нөлөөлнө.

Гэхдээ одоохондоо сандраад байх шаардлагагүй. Зэсийн ханш өмнөх дээд түвшнээсээ буурсан ч харьцангуй өндөр хэвээр байна. Мөн Оюу Толгойн далд уурхайн олборлолт нэмэгдэж байгаа нь экспортын биет хэмжээнд эерэг нөлөөтэй.

Гол нь бидний эдийн засаг зэсийн үнээс хэр их хамааралтай байгааг энэ удаагийн хөдөлгөөн дахиад нэг сануулж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш ханиад хүрэхэд Монголын төсөв найтаах хэмжээний хамааралтай гэдэг нь нууц биш.


Инфляц 13.4 хувьд хүрлээ. үнэ буухыг хүлээсээр байгаад бүр хэцүүхэн л зүйл болов уу даа...

inflation

Зэсийн үнэ буурч байгаа энэ үед Монголын дотоод эдийн засагт бас нэг асуудал нэмэгдээд байгаа нь инфляц юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын жилийн инфляц 2026 оны аравдугаар сард 13.4 хувьд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед 9.2 хувьтай байсан үзүүлэлт ийнхүү 4.2 нэгж хувиар өссөн байна.

Өсөлтөд хамгийн их нөлөөлсөн бүлгүүд:
• Хүнс, ундаа, усны бүлэг нийт инфляцын 5.4 нэгж хувь буюу 40.1 хувийг;
• Тээврийн бүлэг 2.8 нэгж хувь буюу 21.1 хувийг бүрдүүлжээ.

Бүр мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дотор 44.4 хувиар өссөн байна. Үхрийн мах 46.2%, хонь, ямааны мах 55.2%-иар нэмэгдсэн гэхээр хэрэглэгчдийн хувьд тийм ч таатай мэдээ биш.
Мөн аравдугаар сард тээврийн бүлгийн үнэ өмнөх сараас 4.2 хувиар өссөн нь сарын инфляцын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Тэгвэл цаашдаа яах вэ?

Одоогийн инфляцын өсөлт цаашид ч үргэлжлэх эрсдэлтэй байна. Төсвийн зарлага нэмэгдэх, дотоодын эрэлт өсөх, импортын барааны өртөг нэмэгдэх зэрэг хүчин зүйлс үнийн дарамтыг хадгалж болзошгүй.

Энд зэсийн ханшийн асуудалтай холбож харах хэрэгтэй. Нэг талаас зэсийн үнэ буурч, улсын валютын орлогод дарамт үүснэ. Нөгөө талаас төгрөгийн ханш сулрах юм бол импортын бараа, тоног төхөөрөмж, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, экспортоос олох мөнгө багасах эрсдэлтэй байхад дотоодын үнэ өсөөд байж болох нөхцөл үүсэж байна. Ёстой нэг unlucky combination.
Гэхдээ инфляцын бүх өсөлтийг зэсийн ханштай холбож болохгүй. Одоогоор хүнс, мах, тээвэр болон импортын барааны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байна.

Монголын хувьд одоо зөвхөн уул уурхайн экспортын орлогоо нэмэгдүүлэхээс гадна инфляцыг хязгаарлах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, дотоодын нийлүүлэлтийг сайжруулах шаардлага улам нэмэгдэж байна.

Ер нь дэлхийн зах зээл дээр нэг зүйл хөдөлмөгц Монголд араас нь ямар нэг байдлаар орж ирдэг эдийн засгийн бүтэцтэй хэвээр байна. Тиймээс энэ долоо хоногт зэсийн ханш болон инфляцын хөдөлгөөнийг анхааралтай ажиглахад илүүдэхгүй.


Та юу гэж бодож байна?

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЗЭСЭЭС ХЭТ ХАМААРАЛТАЙ БАЙНА УУ?

Манай улсын экспортын орлогын бараг тал хувийг ганцхан төрлийн түүхий эд бүрдүүлж байна гэхээр жаахан бодмоор л асуудал байгаа биз?

Зэсийн үнэ өсөхөөр экспортын орлого нэмэгдэж, төсөвт мөнгө орж ирнэ. Харин дэлхийн зах зээл дээр үнэ нь буурахад манай эдийн засаг дагаад хөдөлгөөнд ордог. Дээрээс нь инфляц 13.4 хувьд хүрсэн энэ үед валютын ханшийн дарамт нэмэгдвэл бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачаа ч нэмэгдэнэ.

Мэдээж уул уурхай бол Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг. Гэхдээ ганцхан салбараас хэт хамааралтай байх нь хэр зөв бэ?

Таны бодлоор Монгол Улс уул уурхайн экспортоо улам нэмэгдүүлэхэд төвлөрөх үү, эсвэл боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон бусад экспортын салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд илүү анхаарах уу?

Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна?


Зөвлөгөө

ВАЛЮТЫН ХАНШ, ИНФЛЯЦ, ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ӨСӨХ ҮЕД ИМПОРТЛОГЧИД ЮУ АНХААРАХ ВЭ?

Барааны үнэ нэмэгдэнэ, тээврийн зардал хөдөлнө, валютын ханш ч бас зүгээр суухгүй. Ийм үед бизнесээ зөвхөн барааны худалдан авах үнээр тооцоод явбал сарын эцэст тооцоо зөрөх магадлалтай шүү.

Тиймээс импорт, экспорт эрхэлдэг бизнесүүд дараах хэдэн зүйлд анхаараарай.

  1. Нийт өртгөө урьдчилан тооцоол.
    Барааны үнэ дээрээ тээвэр, гааль, даатгал, агуулах болон бусад холбогдох зардлыг нэмээд бодит өртгөө гаргаарай. Хямд авсан бараа тээврийн зардал өндөр байвал эцсийн дүндээ тийм ч хямд тусахгүй.

  2. Тээврээ сүүлийн мөчид бүү төлөвлө.
    Ачаагаа яаралтай тээвэрлүүлэх шаардлага үүсэхэд сонголт багасаж, зардал нэмэгдэх магадлалтай. Боломжтой бол захиалга, үйлдвэрлэл, тээврийн хугацаагаа уялдуулж, урьдчилан төлөвлөөрэй.

  3. Тээврийн төрлөө зөв сонго.
    Бүх ачааг заавал хурдан, эсвэл заавал хамгийн хямд тээвэрлэх шаардлагагүй. Ачааны хэмжээ, жин, яаралтай эсэх болон төсөвтөө тохируулж авто, төмөр зам, далайн болон агаарын тээврээс сонголтоо хийгээрэй. Заримдаа хугацаандаа ирсэн хямд тээвэр хамгийн үнэтэй алдаанаас авардаг.

  4. Валютын ханшийн эрсдэлээ тооц.
    Нийлүүлэгчтэйгээ төлбөрийн нөхцөл, валют болон төлбөр хийх хугацаагаа урьдчилан тохиролцоорой. Үнийн санал авахдаа ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ хэдий хугацаанд хүчинтэй байхыг заавал тодруулаарай.

  5. Ачаагаа даатгуулахаа мартуузай.
    Тээврийн явцад гэмтэх, үрэгдэх, осол гарах зэрэг эрсдэл үргэлж байдаг. Барааны үнэ өндөр, эсвэл эмзэг ачаа тээвэрлүүлж байгаа бол тохирох даатгалын хамгаалалтаа сонгоорой.

Эцэст нь хэлэхэд, найдвартай тээвэр гэдэг зөвхөн ачааг хүргэх биш, харин хугацаа, зардал, эрсдэлийг зөв удирдахыг хэлнэ.

Олон улсын тээвэртэй холбоотой асуулт байвал бидэнд хандаарай. Omni Shipping таны ачааг найдвартай тээвэрлэхэд туслах болно.

Ещё новости

Omni shipping - Weekly news #61

Цаагуур чинь юу болоод байна? Хайти улсад юу болов? Хайти шүднийхээ өвчнөөс саллаа гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ шүд нь ганцхан байгаагүй бололтой.Одоогоор Хайтийн…

Omni shipping - Weekly news #60

Крипто ертөнцийн түүхэн дэх хамгийн том халдлага, Чилийн зэсийн зах зээлийн боломж, Монголын транзит тээврийн урсгалын өөрчлөлт гээд анхаарал татахуйц үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Орос–Украины дайны нөхцөл байдал, АНУ–Ираны хурцадмал байдал дэлхийн худалдаа, газрын тос, тээврийн зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Получить расчёт