Omni shipping - Weekly news #57
За, энэ долоо хоногт дэлхий дахиад л тайван суусангүй ээ. Ойрх Дорнодод нефтийн тээвэр, цэргийн ажиллагаа тойрсон асуудал хурцдаж, Монголд харин шинэ төмөр зам ашиглалтад орлоо. Бас зэсийн үнэ, импортын тоонууд сонин юм ярьж байна. За, юу юу болов?
Цаагуур чинь юу болоод байна?
Ормузын хоолойгоор нефть гаргах нь өөрөө тусдаа адал явдал болчихлоо
Иран АНУ-ын тусламжтайгаар Арабын орнуудаас нефть гаргаж байгаа усан онгоцны тээврийн ажиллагааг онилно гэдгээ мэдэгдэв. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн урсгалын ойролцоогоор тавны нэг нь дайран өнгөрдөг байсан. Харин дайны улмаас энэ замын тээвэр эрс хумигдаад байгаа юм. Al Jazeera-гийн мэдээлснээр, аравдугаар сарын эхнээс хойш дор хаяж 15 усан онгоц халдлагад өртсөн байж болзошгүй байна.
Бас нэг сонин тоо байна. Персийн булангийн нефтийн өртөгт тээврийн зардлын эзлэх хувь дайнаас өмнө 1–3% байсан бол одоо 25–30% хүрчээ. Өөрөөр хэлбэл, нефть байгаа ч түүнийг аюулгүй зөөх нь өөрөө асар үнэтэй ажил болж байна гэсэн үг.
Энэ хооронд АНУ-ын сонгуулиас өмнө Иранд халдахгүй гэж Дональд Трамп мэдэгдсэний дараа нефтийн үнэ буурсан тухай Bloomberg мэдээлжээ. Гэхдээ үнэ нэг өдөр буулаа гээд асуудал дууссан гэсэн үг биш. Нефтийн зах зээлд мэдэгдэл, халдлага, тээврийн эрсдэл гурав зэрэг нөлөөлж байна.
Одоогийн АНУ-н илэрхийлж буй байр суурь бол цэвэр Трамп-н сонгуулийн ажилд зориулсан зүйл болж хувирсан гэж хэлэхэд илүүдэхгүй. Сонгууль болсон чинь л манай хүн гэнэт ухаан оров уу гэлтэй ааш гаргаад л байгаа шүү…
Йемен тэнд үнэхээр дураараа аашилж байна(Ансар Аллах хөдөлгөөн)
Йемений хуситууд буюу Ансар Аллах хөдөлгөөнийхөн Саудын Арабын нийслэл Рияд руу гурав дахь өдрөө дараалан пуужингийн халдлага хийсэн тухай Al Jazeera мэдээлэв. Аравдугаар сарын 13-ны мэдээгээр Дональд Трамп хуситуудын үйлдлийг шүүмжилж, Саудын Араб Риядын нислэгүүдийг зогсоосон байна.
Энэ бүхэн зөвхөн Ойрх Дорнодын улс төрийн асуудал биш. Улаан тэнгис, Суэцийн сувгийн(Suez canal) чиглэлд тээврийн эрсдэл нэмэгдвэл хөлөг онгоцууд өөр зам сонгох, аяллын хугацаа уртсах, даатгал болон тээврийн зардал нэмэгдэх боломжтой.
Монголд 127.1 км шинэ төмөр зам ашиглалтад орлоо
За, манайхаар юу болов гэвэл Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам аравдугаар сарын 11-нд ашиглалтад оржээ. Нийт өртөг нь 1.9 их наяд төгрөг. Эхний жилдээ 3.5 сая тонн, цаашдаа жилд 20–25 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа аж.
Хамгийн гол нь ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулахгүй тээвэрлэх боломж нэмэгдэнэ. Энэ бол логистикийн салбарт зүгээр нэг төмөр зам нэмэгдсэнээс илүү утга учиртай мэдээ.
Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ шинэ зам ашиглалтад орлоо гээд Эрээн–Замын-Үүдээр орж ирдэг импортын чингэлгүүдийн хүлээлт маргаашнаас шууд арилчихгүй. Бодит үр дүн нь ачаа боловсруулах хүчин чадал, холболт, терминалын ажиллагаа, тээврийн зохион байгуулалтаас хамаарна.
Хятадын зах зээл эргэн нээгдлээ
10 сард манай урд хөрш нилээн назгай амралттай байсныг бүгд мэдэх байх. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн сүүлээр нээгдсэн хилийн ачаалал бас нилээн урт үргэлжилж байна. Их хэмжээний ачаа хил дээр хүлээгдэж байсан нь тээврийн салбарын ажилчдад амаргүй 7 хоногийг бэлэглэх шиг боллоо.
За тэрнээс илүүтэй ярих нэг чухал зүйл байгаа нь Хятадын зэсийн эрэлт илүү нэмэгдэж, дээрээс нь зэс нийлүүлэгч Чилийн уурхайн үйл ажиллагаа тасалдсанаар зэсийн үнэ чангарах тийшээ хандлаа. Энэ нь экспортын орлогын ихэнхи хувийг нь зэсийн экспорт бүрдүүлж байгаа манай улсад мэдээж сайн мэдээ.
Bloomberg-ийн аравдугаар сарын 9-ний мэдээгээр Лондоны металлын биржийн зэсийн фьючерс 1.2%-иар өсөж, тонн нь 14,474 ам.доллар хүрсэн байна. Тухайн долоо хоногийг ойролцоогоор 1.5%-ийн өсөлттэй хаах төлөвтэй байжээ.
Үүнд Хятадын эрэлт сэргэх хүлээлт болон Чилийн уурхайн нийлүүлэлт тасалдаж болзошгүй эрсдэл нөлөөлсөн байна. Хятад бол зэсийн томоохон хэрэглэгч учраас тэндхийн худалдан авалт, үйлдвэрийн идэвхжил дэлхийн зэсийн үнэд нөлөөлөх нь аргагүй.
Тамхитай холбоотой импортын үзүүлэлт
Монгол Улс 2026 оны эхний есөн сард тамхи болон тамхин бүтээгдэхүүн импортлоход нийт 81.9 сая ам.доллар буюу ойролцоогоор 295 тэрбум төгрөг зарцуулжээ. Өмнөх оны мөн үеийн 65.5 сая ам.доллартай харьцуулахад нэлээд өссөн дүн.
Электрон тамхины импорт 3.6 сая ширхэгээс 5.5 сая болж 51.8%-иар өссөн бол халаадаг тамхины импорт 55.2 мянган ширхэгээс 9.8 сая болж, ойролцоогоор 177 дахин нэмэгджээ.
Энэ бол нэг төрлийн барааны жишээ ч гэсэн импортын зах зээлд эрэлт, хууль зохицуулалт, татварын өөрчлөлт хэрхэн нөлөөлж болохыг харуулж байна. Ялангуяа шинэ төрлийн бүтээгдэхүүн импортолдог компаниуд зөвхөн барааны үнээ тооцоод зогсохгүй гааль, татвар, зөвшөөрөл, цаашдын зохицуулалтаа давхар харах хэрэгтэй.
Та юу гэж бодож байна?
Шинэ төмөр зам ашиглалтад орлоо. Одоо тээврийн зардал үнэхээр буурах уу?
1.9 их наяд төгрөгийн өртөгтэй, 127.1 км төмөр зам ашиглалтад орлоо. Жилд 20–25 сая тонн ачаа тээвэрлэх зорилт ч байна.
Гэхдээ энд нэг сонирхолтой юм бий. Төмөр зам барих нь нэг хэрэг, түүгээр дамжуулж бараагаа хурдан, хямд хүргэх нь өөр хэрэг.
Жишээ нь, бараа чинь Хятадаас ирж байгаа бол хил дээр чингэлгээ шилжүүлэн ачих, вагон олдохыг хүлээх, гаалийн бүрдүүлэлт хийх гээд зардал, хугацаанд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Улаанбаатарын дундуур ачаа явуулах шаардлага багасах нь сайн мэдээ. Харин энэ нь импортлогчийн эцсийн зардалд хэдий хэмжээний хэмнэлт болохыг бодит ажиллагаанаас л харна.
Тэгэхээр жинхэнэ амжилт нь хэдэн км зам тавьснаар биш, бараа хэдий хугацаанд, ямар зардлаар эзэндээ хүрч байгаагаар хэмжигдэх байх даа.
Шинэ төмөр замын бодит үр дүнг цаашдаа ажиглах хэрэгтэй юм байна.
Мэргэжилтний зөвлөгөө
Импорт хийхдээ зөвхөн барааныхаа үнийг битгий хар.
Олон улсын тээвэрт асуудал гарах үед хамгийн түрүүнд хугацаа, зардал хоёр савладаг. Ялангуяа нефтийн үнэ, далайн тээврийн эрсдэл, хил дээрх ачаалал зэрэг нь өөр өөр чиглэлд өөр өөр нөлөө үзүүлнэ.
Монголын импортлогчдын хувьд Хятадын Эрээн–Замын-Үүд чиглэл чухал хэвээр. Хоёр улсын төмөр замын цариг өөр учраас хил дээр чингэлгийг нэг вагоноос нөгөөд шилжүүлэн ачих шаардлагатай. Вагон, терминалын хүчин чадал, гаалийн бүрдүүлэлт зэрэг нь нийлээд нийт тээврийн хугацаанд нөлөөлдөг.
Тиймээс бараагаа захиалахаасаа өмнө дараах хэдэн зүйлийг шалгаад хэвшээрэй.
- Тээврийн үнийг нийт зардлаар нь хар.
Зөвхөн нэгжийн тээврийн үнэ биш, ачих буулгах, терминал, гааль, даатгал болон бусад холбогдох зардлыг хамтад нь тооц. - Хүргэлтийн хугацаагаа нөөцтэй төлөвлө.
Бараа яг хэрэг болох өдөр нь хил дээр хүлээж байвал хямд тээврийн үнэ ямар ч ашиггүй. Нийлүүлэгчийн бэлтгэх хугацаа, хил дамжих хугацаа, дотоод хүргэлтээ тус тусад нь тооцоорой. - Бүх бараандаа нэг л тээврийн шийдэл бүү тулга.
Их хэмжээний, яаралгүй ачаанд төмөр зам эсвэл нэгтгэсэн тээвэр тохиромжтой байж болно. Харин яаралтай, өндөр үнэ цэнтэй бараанд агаарын тээврийг харьцуулж үзэх хэрэгтэй. - Үнэ болон хугацаагаа захиалга хийх үед дахин баталгаажуул.
Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед өмнөх сарын үнийн санал өнөөдөр хүчинтэй байх албагүй. Тээврийн нөхцөл, даатгалын хамрах хүрээ, нэмэлт зардал болон тооцоолсон хүргэлтийн хугацаагаа бичгээр баталгаажуулаарай.
Товчхондоо, хамгийн хямд тээврийг сонгох биш, бараагаа нийт хэдэн төгрөгөөр, хэдий хугацаанд, ямар эрсдэлтэйгээр татаж авахаа урьдчилан мэддэг байх нь чухал шүү.
Та ачаагаа тат. Тээврийг нь бидэнд даатга.
Хятадаас Монгол руу бараа татах гэж байна уу? Omni Shipping нь төмөр зам, авто зам, далай болон агаарын тээврийн шийдлүүдээр таны ачаанд тохирох хувилбарыг санал болгоно.
📦 Эрээн → Замын-Үүд → Улаанбаатар
• LCL / LTL нэгтгэсэн тээвэр
• FCL / FTL бүтэн чингэлэг болон бүтэн машины тээвэр
• Агаарын болон далайн тээвэр
• Гаалийн бичиг баримтын үйлчилгээ
• Ачааны даатгал
Ачааныхаа төрөл, хэмжээ, татах газраа хэлээд үнийн санал аваарай.
🌐 www.omnishipping.mn