Omni shipping - Weekly news #42

Omni shipping - Weekly news #42

Цаагуур чинь юу болоод байна?

Тяньжинаас галт тэрэг хөдөлж байгаа ч үлдэгдэл өндөр хэвээр байна

Монгол руу чиглэсэн чингэлгүүдийн гол дамжин өнгөрөх цэг болох Тяньжинд ачаалал хэвээр байна.

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны мэдээллээр зургадугаар сарын 1–7-ны хооронд Тяньжины төмөр замын өртөөнд Монгол руу ачигдахаар хүлээгдэж байсан ачаа 3,128 TEU буюу ойролцоогоор 1,564 чингэлэгт хүрчээ.

Харин зургадугаар сарын 8–15-ны хооронд Тяньжинаас Эрээн, Замын-Үүд чиглэлд нийт 12 блок галт тэрэг хөдөлсөн байна. Харин Тяньжинд хүлээгдэж буй ачаа 4,000 TEU буюу ойролцоогоор 2,000 гаруй чингэлэг болтлоо нэмэгдэв.

Энэ нь тээвэр зогсонги байна гэсэн үг биш. Гэхдээ шинээр ирж байгаа чингэлгийн тоо, хөдөлж буй галт тэрэгний хуваарь хоёрын тэнцвэр зөрүүтэй байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын импортод тулгарч буй гол эрсдэл нь зөвхөн далайн тээврийн хугацаа биш. Чингэлэг Тяньжинд буусны дараа Монгол руу хэзээ хөдөлж чадах вэ гэдэг асуудал юм.

Үүнээс үүдэн зургадугаар сарын 8-15-ны хооронд 840 орчим чинглэг авто тээврээр тээвэрлэгдэж, авто тээврийн эрэлт огцом өслөө.

Монголын импортын ачаа огцом нэмэгдэж байна

2026 оны эхний хоёр сард Монгол Улсын импортын ачаа өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өсөж, нийт 1.4 сая тоннд хүрсэн байна.

Импортын ачааны:

  • 56 хувийг төмөр замаар;

  • 44 хувийг авто тээврээр тээвэрлэжээ.

Төмөр замын импорт 28.9 хувиар өссөн бол авто замын импорт 53.2 хувиар нэмэгдсэн байна.

Энэ өсөлтөөс нэг зүйл тодорхой харагдана. Импортлогчдын захиалга нэмэгдэхийн хэрээр төмөр замаас гадна авто тээврийн гарцыг илүү их ашиглаж эхэлжээ.

Гэхдээ авто тээвэр нэмэгдэх нь төмөр замын асуудлыг шийдэж байна гэсэн үг биш. Харин бизнесүүд бараагаа хугацаанд нь авахын тулд өөр боломжит сувгууд руу шилжиж байгааг харуулж байна.

Замын-Үүд–Эрээн боомт хүчин чадлынхаа хязгаарт хүрчээ

Замын-Үүд–Эрээн төмөр замын боомтоор 2025 онд нийт 15.5 сая тонн ачаа нэвтрүүлсэн байна.

Өдөрт дунджаар:

  • өргөн царигийн 16 галт тэрэг;

  • нарийн царигийн 7–8 галт тэрэг солилцож байжээ.

Засгийн газрын мэдээллээр хоёр талын хилийн өртөөнүүдийн ашиглаж болох хүчин чадал бараг бүрэн дүүрч, ачаа тээврийн цаашдын өсөлтийг хязгаарлаж эхэлсэн байна.

Үүнийг шийдэхийн тулд Замын-Үүд–Эрээн боомтод 1,435 мм-ийн царигтай хоёр дахь төмөр замын гарц барих, Замын-Үүд өртөө болон шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөхөөр төлөвлөжээ.

Энэ бол урт хугацаандаа чухал шийдэл. Гэхдээ шинэ төмөр зам ашиглалтад орох хүртэл импортлогчид одоогийн хязгаарлагдмал гарц, галт тэрэгний хуваарьтайгаа ажиллахаас өөр аргагүй.

Азиас гарах ачаа нэмэгдэж, peak season эрт эхэлж байна

Монголын дотоод гарцын ачаалал нэмэгдэж байгаа энэ үед Азийн олон улсын тээврийн зах зээл ч чангарч эхэллээ.

Дөрөвдүгээр сард дэлхийн агаарын ачааны эрэлт өмнөх оноос 5 хувиар өссөн бол агаарын тээврийн багтаамж тавдугаар сард ердөө 2 хувиар нэмэгджээ.

Азийн технологийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч, AI тоног төхөөрөмж болон цахим худалдааны ачаа эрэлтийн гол хөдөлгөгч болж байна.

Далайн тээвэрт ч ижил нөхцөл үүсэж, Азийн экспортын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ peak season ердийнхөөс эрт эхэлж байна. Галт тэрэг, усан онгоц болон онгоцны нийт багтаамж байгаа ч шаардлагатай өдөр, шаардлагатай чиглэлд сул зай олох нь улам хэцүү болжээ.

Монголын импортлогчдын хувьд энэ нь бараа Тяньжинд хүрэх хүртэлх тээвэр болон Тяньжинаас Монгол руу хөдөлгөх дараагийн шат хоёуланд нь урьдчилан захиалга чухал болж байна гэсэн үг.

Та юу гэж бодож байна?

Хамгийн хямд тээвэр үнэхээр хамгийн хямд сонголт мөн үү?

Импортлогчид тээврийн асуулга авахдаа хамгийн түрүүнд үнийг харьцуулдаг.

Гэхдээ нэг санал 200 ам.доллароор хямд байсан ч чингэлэг Тяньжинд нэмэлт хоёр долоо хоног хүлээвэл бараа тасалдах, борлуулалт алдах, агуулахын болон чингэлгийн нэмэлт төлбөр гарах боломжтой.

Тэгвэл таны бизнест аль нь илүү чухал вэ?

А. Хамгийн бага тээврийн үнэ
Б. Баталгаажсан хөдлөх хуваарь
В. Эхлэлээс Улаанбаатар хүртэлх тогтвортой нийт хугацаа

Зарим үед хамгийн хямд үнэ бус, тодорхой байдал нь бизнесийн хамгийн хямд шийдэл болдог.

Мэргэжилтний зөвлөгөө

Зөвхөн үнэ биш, ачаа үнэхээр хэзээ хөдлөхийг асуу

Одоогийн нөхцөлд “Тяньжин–Улаанбаатар хэд вэ?” гэж асуух нь хангалтгүй.

Үнийн санал авахдаа дараах мэдээллийг хамтад нь тодруулах хэрэгтэй.

1. Ачаа Тяньжинд хэзээ бэлэн болох вэ?

Үйлдвэрээс гарах өдөр, боомтод ирэх өдөр, гаалийн бичиг баримт бэлэн болох өдөр гурвыг тусад нь тооц.

Бараа илгээгчээс гарсан өдрийг Монгол руу хөдөлсөн өдөр гэж ойлгож болохгүй.

2. Галт тэрэгний хуваарь төлөвлөгдсөн үү, баталгаажсан уу?

“Ирэх долоо хоногт явна” гэдэг нь төлөвлөгөө байж болно.

Харин чингэлэгт вагон хуваарилагдсан эсэх, аль блок галт тэргэнд орох нь баталгаажсан эсэхийг тодруулах шаардлагатай.

3. Одоогийн үлдэгдэл хэд байгаа вэ?

Таны чингэлгээс өмнө хэдэн ачаа хүлээж байгааг мэдэхгүйгээр бодит хугацаа тооцох боломжгүй.

Тяньжинд хүлээгдэж буй чингэлгийн тоо болон долоо хоногт хөдөлж буй галт тэрэгний тоог хамтад нь харах хэрэгтэй.

4. Тээврийн хугацааг хэсэгчлэн ав

Нийт хугацааг нэг тоогоор биш дараах байдлаар салгаж ав:

  • илгээгчээс Хятадын боомт хүртэл;

  • боомтын үйл ажиллагаа;

  • Тяньжин төмөр замд хүлээх хугацаа;

  • Тяньжинаас Эрээн, Замын-Үүд хүртэл;

  • Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл;

  • гааль болон хүргэлтийн хугацаа.

Ингэснээр саатал яг аль хэсэгт үүсэж байгааг ойлгоход хялбар болно.

5. Бизнесийг тань зогсоох эрсдэлтэй ачааг тусад нь төлөвлө

Үйлдвэрлэлийн сэлбэг, дуусаж буй нөөц, хугацаатай захиалгыг бусад бүх бараатайгаа нэг чингэлэгт хүлээлгэх шаардлагагүй.

Зайлшгүй хэрэгтэй хэмжээг хурдан хувилбараар, үлдсэн хэмжээг үндсэн хямд маршрутаар явуулах боломжийг урьдчилан тооц.

Энэ долоо хоногийн гол санаа

Тээврийн хэрэгсэл хөдөлж байгаа нь дараалал байхгүй гэсэн үг биш.

2026 онд Монголын импортын эрэлт нэмэгдэж байгаа ч Тяньжин–Эрээн–Замын-Үүд чиглэлийн бодит хүчин чадал хязгаартай хэвээр байна.

Тиймээс одоо импортлогчид зөвхөн тээврийн үнэ биш, баталгаажсан хуваарь, терминалын үлдэгдэл болон нийт хүргэлтийн хугацаагаа хамтад нь тооцох шаардлагатай.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping