Цаагуур чинь юу болоод байна?
Энэ 7 хоногийн тээврийн салбарын гол сэдэв нэг л зүйл дээр төвлөрч байна: геополитикийн эрсдэл тээврийн үнэ, маршрут, багтаамж, бүр салбарын дүрэм журам хүртэл бүгдийг нь хөдөлгөж эхэллээ.
АНУ–Ираны хэлэлцээ, Израиль–Ливаны нөхцөл байдал, Хормузын хоолойн эргэн тойрон дахь тодорхойгүй байдал нь зөвхөн газрын тосны зах зээлд биш, олон улсын тээврийн бүх сүлжээнд шууд нөлөөлж байна. Ираны талаас хэлэлцээг бүрэн орхисон биш, харин нөгөө тал илүү бодитой, тогтвортой байр суурь гаргах шаардлагатай гэж мэдэгдсэн. Гэхдээ бүс нутгийн нөхцөл байдал, ялангуяа Ливан дахь гал зогсоох асуудал тохиролцоонд багтахгүй бол хэлэлцээ үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Хормузын хоолой бол дэлхийн газрын тос, байгалийн хийн хамгийн чухал гарцуудын нэг гэдгийг та бүхэн бараг чихнээсээ цус гоожтол сонсож байгаа байх. Тиймээс энд үүссэн ямар ч саатал, хаалт, эсвэл “хаагдах магадлалтай” гэсэн айдас хүртэл зах зээлд шууд нөлөөлдөг. Үүний үр дүнд түлшний үнэ, дайны эрсдэлийн нэмэлт зардал, даатгал, маршрут өөрчлөлт, далайн тээврийн хугацаа зэрэг нь бүгд нэмэгдэх боломжтой болсон.
Харин далайн тээвэр дээр энэ дарамт илүү тод харагдаж эхэллээ. The Loadstar-ийн мэдээлснээр “pay to play” буюу давуу талтай байхын тулд илүү өндөр үнэ төлөх нөхцөл буцаад ирж байна. Asia–Europe чиглэл дээр spot rate өсөж, тээвэр зуучууд 6 сарын хоёрдугаар хагаст үнэ цааш нэмэгдэх эрсдэлтэй гэж харж байна. Зах зээлийн томчууд бол 7 сарын 1-нээс эхлэх шинэ BAF буюу bunker adjustment factor-оос өмнө ачаагаа түрүүлж татах гэж оролдож байгаа нь 6 сард эрэлтийг улам шахаж байна.
Өөрөөр хэлбэл үнэ өсөж байгаа шалтгаан нь зөвхөн “ачаа их байна” гэдэг энгийн зүйл биш. Түлшний эрсдэл, Хормузын тодорхойгүй байдал, тээвэрлэгчдийн нэмэлт зардал, сезон орж байгаатай холбоотой ачаалал, мөн багтаамжийн хязгаарлалт зэрэг олон зүйл давхарлаж байна. Asia–Europe чиглэл дээр зарим тээвэрлэгч нар 6 сарын дунд үеэс FAK rate-ээ 5,000–6,500 ам.долларын түвшинд зарлаж эхэлсэн нь зах зээлд дараагийн өсөлтийн дохио болж байна.
Transpacific буюу Ази–АНУ чиглэл дээр ч нөхцөл төстэй байна. Зарим тээвэрлэгчид багтаамжаа багасгаж, 6 сард aggressive GRI буюу general rate increase хийх дохио өгч эхэлсэн. Энэ нь экспортлогч, импортлогч нарт “одоохон тээвэрлүүлэх үү, эсвэл үнэ буурахыг хүлээх үү?” гэсэн сонголтын дарамт үүсгэж байна.
Сонирхолтой нь, зөвхөн далайн тээвэр биш, агаарын тээвэр дээр ч салбарын дотоод маргаан хүчтэй болж байна. IATA болон FIATA-ийн хооронд Direct Air Waybill буюу DAWB framework-ийн өөрчлөлттэй холбоотой маргаан дахин хурцдав. Энгийнээр хэлбэл, энэ нь агаарын тээврийн баримт бичиг дээр хэн ямар хариуцлага хүлээх вэ, тээвэр зуучууд ямар эрсдэлийг үүрэх вэ, airline-уудын тавьж буй дүрэм бодит бизнесийн харилцаанд нийцэж байна уу гэсэн асуудал юм.
Энэ маргаан шинэ зүйл биш. Өмнө нь тээвэр зуучуудыг airline-ийн “агент” гэж үздэг байсан бол өнөөдөр тээвэр зуучийн компаниуд өөрсдөө илгээгчтэй шууд харилцдаг, гааль, зөвшөөрөл, даатгал, тээврийн явцыг хянах зэрэг олон үүрэгтэй бүрэн хэмжээний ложистикийн цогц үйлчилгээ үзүүлэгч болсон. Гэвч air cargo-ийн зарим дүрэм журам энэ өөрчлөлтийг бүрэн гүйцэд дагаж шинэчлэгдээгүй хэвээр байна.
Тиймээс IATA–FIATA-ийн маргаан бол зүгээр нэг дүрмийн асуудал биш. Энэ нь агаарын тээврийн салбарт “хэн дүрэм тогтоох вэ?”, “хэн эрсдэл үүрэх вэ?”, “тээвэрлэгч болон тээвэр зууч хоёрын харилцаа агент–эзэн маягаар үргэлжлэх үү, эсвэл жинхэнэ түншлэлийн загвар руу шилжих үү?” гэсэн том асуулт болж байна. Яг одоо далайн тээврийн эрсдэл нэмэгдэж, зарим ачаа агаарын тээвэрт шилжих магадлалтай үед ийм эрх зүй, хариуцлагын тодорхойгүй байдал агаарын тээврийн зах зээлд нэмэлт дарамт үүсгэж болзошгүй.
Арабын Нэгдсэн Эмират улсын тээврийн зах зээл дээр ч нөхцөл байдал “бүрэн хэвийн болсон” гэхээсээ илүү шинэ нөхцөлдөө дасан зохицож байгаа хэлбэртэй байна. Жебел Али боомт ажиллаж байгаа ч хөлөг онгоцны дараалал, хуваарийн доголдол үргэлжилсээр байна. Харин Хор Факкан, Фужайра зэрэг зүүн талын боомтууд Хормузын хоолойн эрсдэлийг тойрох чухал гарц болж, чингэлэг тээвэр, авто тээвэр, жижиг хөлгөөр дамжуулах тээвэр болон дотоод шилжүүлгийн ачаалал нэмэгдэж байна. Агаарын тээврийн хувьд Дубайн олон улсын нисэх буудал, Аль Мактум олон улсын нисэх буудал, Абу Дабигийн нисэх буудлын үйл ажиллагаа идэвхтэй хэвээр байгаа ч далайн тээврээс агаарын тээвэр рүү шилжих эрэлт, түлшний үнийн хэлбэлзэл, чиглэл өөрчлөлт, бүс нутгийн нислэгийн хязгаарлалтаас шалтгаалан үнэ болон багтаамж тогтворгүй байна.
Эцэст нь хэлэхэд, олон улсын тээвэр одоо зөвхөн “хаанаас хаашаа, хэд хоног, хэдэн төгрөг вэ?” гэдэг тооцоолол байхаа больж байна. Нэг бүс нутгийн хэлэлцээ, нэг хоолойн эрсдэл, нэг carrier-ийн surcharge, нэг салбарын дүрмийн маргаан хүртэл таны ачааны үнэ, хугацаа, маршрут, даатгал, бүр бичиг баримтын хариуцлагад нөлөөлдөг болжээ.
Ийм үед импортлогч, экспортлогч компаниудын хувьд хамгийн зөв алхам бол ганц үнийн санал хараад шийдэх биш, маршрутын эрсдэл, багтаамж, нэмэлт төлбөр, бичиг баримт, даатгал, боломжит backup route зэргийг хамтад нь тооцдог болох явдал юм.
Та юу гэж бодож байна?
Өмнө нь импортлогчид тээврийн үнийг асууж, хэд хоногт ирэхийг лавлаад, тэгээд шийдвэрээ гаргадаг байсан. Харин одоо нөхцөл байдал эсрэгээрээ болж эхэллээ. Зарим тохиолдолд үнэ асууж дуусаад, дотроо ярилцаж, дахин баталгаажуулах хооронд зах зээл өөрчлөгдөж байна.
Эндээс нэг сонирхолтой асуулт гарч ирнэ.
Олон улсын тээвэрт хамгийн том давуу тал одоо хямд үнэ мөн үү? Эсвэл зөв цагтаа зөв шийдвэр гаргах чадвар уу?
Далайн тээврийн үнэ өсөх магадлалтай, зарим чиглэл дээр зай шахагдаж байгаа, түлш болон нэмэлт зардлууд тодорхойгүй байгаа ийм үед “жаахан хүлээе” гэдэг шийдвэр заримдаа хэмнэлт биш, харин илүү өндөр зардлын эхлэл болж мэднэ. Гэхдээ нөгөө талаас яарсан шийдвэр бүр зөв байдаг уу гэвэл бас үгүй.
Тээвэр гэдэг одоо зөвхөн ачаа хөдөлгөх тухай биш боллоо. Харин мэдээллийг хэр хурдан ойлгож, эрсдэлийг хэр зөв үнэлж, шийдвэрээ хэр уян хатан гаргаж чадахаас их зүйл хамаардаг болж байна.
Ялангуяа жижиг, дунд бизнесүүдийн хувьд энэ өөрчлөлт илүү хүнд тусдаг. Том компаниуд багтаамжаа урьдчилж захиалж, нэмэлт зардлаа шингээх боломжтой байдаг бол жижиг бизнесүүд ихэвчлэн яг хэрэгтэй үедээ тээвэр захиалдаг. Гэтэл яг тэр үед үнэ өссөн, зай дүүрсэн, маршрут өөрчлөгдсөн байвал барааны өөрийн өртөг, нийлүүлэлтийн хугацаа, хэрэглэгчид өгөх амлалт бүгд зэрэг ганхаж эхэлнэ.
Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд “хамгийн хямд тээвэр” хайхаас илүү “хамгийн бага эрсдэлтэй шийдвэр” гаргах нь илүү чухал болж байх шиг.
Та юу гэж бодож байна?
Импортлогч компаниуд цаашид тээврээ яг хэрэгтэй үед нь захиалдаг хэвээр байх уу? Эсвэл зах зээлийн өөрчлөлтийг урьдчилж харж, ачаагаа арай эрт төлөвлөдөг хэв маяг руу шилжих шаардлагатай юу?
Яахав яг үнэндээ бүгд just in case хэлбэрт шилжчихсэн л байгаа байх. Энэ тухай бид өмнө нь байнга л дурьдсан. Гэхдээ дахин дахин давтахгүй бол үүнтэй холбоотой асуудлууд гарсаар л, зарим нь даван туулж чадалгүй сөхөрсөөр л байгааг нэг сануулах нь зүйтэй байх.
Мэргэжилтний зөвлөгөө
Ийм савлагаатай үед импортлогч, экспортлогч компаниудын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тээврийн шийдвэрээ “ганц үнийн санал”-аар хэмжихээ болих юм.
Учир нь хамгийн хямд санал заримдаа хамгийн зөв шийдэл байдаггүй. Тухайн үнэ хэдий хугацаанд хүчинтэй вэ, тэр үнэд ямар нэмэлт зардал орох боломжтой вэ, зай баталгаатай юу, хөлөг онгоцны хуваарь тогтвортой юу, ачаа саатвал дараагийн боломжит хувилбар юу вэ гэдгийг хамтад нь харах хэрэгтэй.
Ялангуяа ойрын хугацаанд ачаа татах гэж байгаа бол дараах 3 зүйлийг заавал шалгаарай.
Нэгдүгээрт, үнийн хүчинтэй хугацаа. Зах зээл хурдан өөрчлөгдөж байгаа үед өнөөдөр авсан үнэ хэд хоногийн дараа хэвээр байх баталгаа бага. Тиймээс үнийн саналаа авсан даруйдаа шийдвэр гаргах дотоод процессоо удаашруулахгүй байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, ачааны яаралтай эсэхийг зөв ангилах. Бүх ачааг нэг түвшинд авч үзэж болохгүй. Зарим ачаа хугацаандаа ирэхгүй бол борлуулалт, үйлдвэрлэл, гэрээний үүрэгт шууд нөлөөлдөг. Харин зарим ачааг арай удаан, гэхдээ зардал багатай хувилбараар явуулж болно. Ийм ангилал хийж чадвал тээврийн шийдвэр илүү оновчтой болно.
Гуравдугаарт, нөөц хувилбартай байх. Гол чиглэл дээр үнэ өсөх, зай дүүрэх, хуваарь алдагдах тохиолдолд дараагийн боломжит маршрут, өөр тээврийн төрөл, эсвэл хэсэгчилсэн тээврийн хувилбар бэлэн байх нь эрсдэлийг бууруулна.
Энгийнээр хэлбэл, энэ үед тээврийг “нэг удаагийн захиалга” гэж биш, харин бизнесийнхээ тасралтгүй ажиллагааны нэг хэсэг гэж харах шаардлагатай болж байна. Ачаа хөдөлсөн хойно асуудал хайхаас илүү, ачаа хөдлөхөөс өмнө эрсдэлээ тооцсон компани илүү тайван, илүү бодитой шийдвэр гаргаж чадна.
Олон улсын тээврийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч бэлтгэлтэй компаниудын хувьд өөрчлөлт бүр заавал алдагдал гэсэн үг биш. Харин ч зөв төлөвлөж чадвал бусдаас түрүүлж хөдөлдөг давуу тал болж чадна.



