Цаагуур чинь юу болоод байна?
Сүүлийн өдрүүдэд дэлхийн улс төрийн уур амьсгал нэг л сонин чиглэл рүү хөдөлж эхэллээ. Нэг талаас АНУ–Иран, нөгөө талаас ОХУ–Украины дайн “үнэхээр төгсөх шат руу орж байна уу?” гэдэг асуулт улам хүчтэй яригдаж байна.
Гэхдээ энд нэг зүйлийг шууд ойлгох хэрэгтэй. Дайн дуусах “дохио” гарч байгаа мэт харагдаж байгаа ч газар дээрх нөхцөл байдал бүрэн тайвширсан гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ — хэлэлцээрийн ширээ ойртох тусам талууд өөрсдийн байр сууриа хүчтэй харуулах гэж оролдож байна.
АНУ–Ираны хувьд хамгийн том сэдэв нь Ормузын хоолой болоод байна. Reuters-ийн мэдээлснээр АНУ, Иран хоёр дайсагналыг зогсоох тохиролцоонд хүрвэл Иран 30 хоногийн дотор Ормузын хоолойг дахин нээх, тэсрэх бөмбөгийг цэвэрлэх, бүх улсын хөлөг онгоц чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх хувилбар яригдаж байна. Мөн түр гал зогсоох тохиролцоог 60 хоногоор сунгаж, энэ хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буй гэж мэдээлжээ.
Гэхдээ энэ хэлэлцээр одоогоор бүрэн баталгаажсан зүйл биш. АНУ-ын тал Ираны завинууд Ормузын хоолойд тэсрэх бөмбөг тавих гэж байсан гэж үзэн өмнөд Иранд “өөрийгөө хамгаалах” цохилт өгсөн тухай мэдээлсэн. Энэ нь хэлэлцээр яригдаж байгаа ч газар дээрх итгэлцэл маш хэврэг хэвээр байгааг харуулж байна.
Яагаад энэ нь тээвэр зуучийн салбарт чухал вэ? Учир нь Ормузын хоолой бол дэлхийн хамгийн чухал газрын тосны тээврийн гарцуудын нэг. АНУ-ын EIA-ийн мэдээллээр 2024 онд Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 20 сая баррель газрын тос дамжсан нь дэлхийн газрын тосны хэрэглээний ойролцоогоор 20%-тай тэнцэж байна. Тэгэхээр Ормузын хоолой хаагдах, нээгдэх, эсвэл эрсдэлтэй хэвээр байх нь зөвхөн газрын тосны үнэ биш — далайн тээвэр, агаарын тээвэр, даатгал, шатахууны нэмэгдэл, тээврийн хугацаанд шууд нөлөөлнө. Тодруулахад одоогийн байдлаар Ормузын хоолойгоор өдөрт 30 хүрэхтэй үгүй хөлөг онгоц дамжин өнгөрч байгаа юм.
Нөгөө талд ОХУ–Украины дайн мөн л эцсийн шат руугаа орж байна уу гэсэн таамаг хүчтэй байна. Гэхдээ бодит байдал дээр нөхцөл байдал улам хурцадсан. Reuters-ийн мэдээлснээр ОХУ Киев дэх Украины цэргийн зориулалттай объектууд болон шийдвэр гаргах төвүүдэд “системтэй цохилт” өгнө гэж мэдэгдсэн бөгөөд үүнээс өмнөхөн Киев хот дайны эхлэлээс хойших хамгийн хүчтэй довтолгоонуудын нэгэнд өртсөн байна.
Энэ бүхний цаана нэг том зураг харагдаж байна. Том гүрнүүдийн уулзалт, хэлэлцээр, сүр хүчээ харуулах үйлдлүүд зэрэгцэн өрнөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлалын дараа худалдаа, Ираны дайн, Тайвань зэрэг том сэдвүүд дээр тодорхой том breakthrough гараагүй гэж Reuters мэдээлсэн. Гэхдээ ийм уулзалтуудын дараа дэлхийн гол тоглогчид байр сууриа шинэчилж, дараагийн хэлэлцээрийн сууриа тавьдаг.
Тээврийн зах зээл дээр ч энэ савлагаа шууд мэдрэгдэж байна. Drewry-ийн World Container Index 5-р сарын 21-ний байдлаар 3 дахь долоо хоногоо дараалан өссөн бөгөөд Intra-Asia Container Index мөн 2% өсөж 40 фут контейнер тутамд 959 ам.доллар болсон байна. Энэ нь зах зээл бүрэн тайвширсан бус, харин эрсдэлийн үнэ тээврийн үнэд шингэсээр байгааг харуулж байна.
Үүн дээр нэмээд АНУ дэлхийн стандарт dry container үйлдвэрлэлийн 95 орчим хувийг бүрдүүлдэг Хятадын 4 том контейнер үйлдвэрлэгч болон 7 удирдах ажилтныг цар тахлын үеэр нийлүүлэлтийг хязгаарлаж, контейнерийн үнийг өсгөсөн гэх үндэслэлээр буруутгасан байна. Энэ бол контейнер өөрөө хүртэл геополитик, зах зээлийн хяналт, нийлүүлэлтийн стратегийн нэг хэсэг болсныг харуулж байгаа сонирхолтой мэдээ.
Монголын хувьд ч бүс нутгийн тээврийн зураг өөрчлөгдөж байна. 2026 оны 4-р сард БНХАУ-ын Монголоос авсан нүүрсний импорт 61% өсөж, Монгол Индонезийг даван Хятадын нүүрсний гол нийлүүлэгч болсон байна. Энэ нь Монгол–Хятад чиглэлийн төмөр зам, авто зам, хил, боомтын ачаалалд зөвхөн импорт бус экспортын урсгалаар ч улам их нөлөөлөх боломжтойг харуулж байна.
Та юу гэж бодож байна?
Дайн дуусах гэж байгаа мэт харагдах мөч заримдаа хамгийн тайван үе биш, харин хамгийн том тохиролцоо, хамгийн том шахалт зэрэгцэн явагддаг үе байдаг.
Том гүрнүүдийн хувьд дайн гэдэг зөвхөн цэргийн асуудал биш. Энэ нь эрчим хүчний үнэ, худалдааны маршрут, далайн гарц, стратегийн түншлэл, нийлүүлэлтийн сүлжээний хяналттай шууд холбоотой. Тиймээс нэг хоолой нээгдэх эсэх, нэг боомт хэвийн ажиллах эсэх, нэг улс тариф бууруулах эсэх нь Монгол шиг далайд гарцгүй, импортод өндөр хамааралтай улсад хүртэл мэдрэгддэг.
Жишээ нь Ормузын хоолой дахин нээгдлээ гэж бодъё. Энэ нь шууд “бүх зүйл хэвийн боллоо” гэсэн үг биш. Далайн маршрут аюулгүй эсэх, даатгалын компаниуд эрсдэлийн нэмэгдлээ бууруулах эсэх, хөлөг онгоцууд тухайн бүс рүү буцаж орох эсэх, боомтын дараалал хэр хурдан хэвийн болох эсэх гээд олон зүйл аажим аажмаар л хэвийн болно.
ОХУ–Украины дайны хувьд ч адил. Хурцадмал байдал нь дуусч хэлэлцээр яригдаж эхэлбэл Европын худалдааны маршрут, төмөр замын транзит, хар далайн боомтууд, эрчим хүчний нийлүүлэлт зэрэг олон асуудал дахин шинэчлэгдэх боломжтой. Харин хэлэлцээр бүтэлгүйтвэл эсрэгээрээ тээврийн эрсдэл, шатахууны үнэ, даатгалын нэмэгдэл дахин өсөх магадлалтай.
Өөрөөр хэлбэл өнөөдрийн тээвэр зуучийн салбар “хаанаас хаашаа хэд хоног, хэдэн төгрөг вэ?” гэдэг энгийн асуултаар хязгаарлагдахаа больсон. Одоо тээвэр гэдэг бол геополитик, эрчим хүч, боомтын ачаалал, валют, тариф, даатгал, бичиг баримт гээд олон хүчин зүйл нийлсэн complex маягийн шийдвэр болж байна.
Тиймээс бидний бодох ёстой хамгийн чухал асуулт бол:
Дайн дуусвал үнэ буурах уу? Эсвэл шинэ хэлцлийн дараа шинэ дүрэм эхлэх үү?
Мэргэжилтний зөвлөгөө
Ийм үед бизнесүүд нэг зүйлийг буруу хүлээдэг.
“Дайн дуусвал үнэ буурна, тээвэр хэвийн болно” гэж.
Гэхдээ бодит байдал дээр том мөргөлдөөн намжсаны дараа зах зээл шууд тогтворждоггүй. Харин эсрэгээрээ шинэ гэрээ, шинэ хяналт, шинэ тариф, шинэ маршрут, шинэ эрсдэлийн үнэлгээ эхэлдэг.
Өөрөөр хэлбэл дайн дуусах нь асуудал дууслаа гэсэн үг биш.
Тээврийн дүрэм дахин бичигдэж эхэлнэ гэсэн үг.
Жишээ нь Ормузын хоолой нээгдлээ гэхэд хөлөг онгоцууд шууд хуучин маршрутаараа явж эхлэхгүй байж болно. Даатгалын компаниуд эрсдэлийн үнэлгээгээ бууруулах хүртэл хугацаа орно. Тээвэрлэгчид өмнөх саатлаа нөхөх гэж үнэ, зай талбай, schedule-ээ дахин тохируулна. Боомтууд дээр нэг дор бөөгнөрсөн ачааны дараалал үүсэх боломжтой.
ОХУ–Украины дайны хувьд ч адил. Хэрвээ хэлэлцээр эхэлбэл Европын тээврийн маршрут, төмөр замын транзит, хориг арга хэмжээ, банкны төлбөр тооцоо, даатгал, хил гаалийн хяналт гээд олон зүйл дахин өөрчлөгдөнө. Энэ нь зарим чиглэлд боломж нээж болох ч зарим чиглэлд түр зуурын тодорхойгүй байдал үүсгэнэ.
Тиймээс импортлогч, экспортлогч байгууллагууд энэ үед “үнэ буухыг хүлээе” гэж зогсохоос илүү өөрийн нийлүүлэлтийн төлөвлөгөөг шинэ нөхцөлд тааруулж дахин шалгах хэрэгтэй.
Ачаагаа хэзээ татах вэ?
Нэг дор бүгдийг нь татах уу, хэсэгчлэн татах уу?
Далайгаар явуулах уу, төмөр замаар түргэсгэх үү?
Гэрээндээ тээврийн хугацаа, саатал, нэмэлт зардлын нөхцөлийг тодорхой тусгасан уу?
Үнийн санал авахдаа зөвхөн өнөөдрийн үнэ харж байна уу, эсвэл дараагийн 30–60 хоногийн эрсдэлийг тооцож байна уу?
Одоо тээвэр хийлгэж байгаа байгууллагуудын хувьд хамгийн зөв алхам бол хамгийн хямд хувилбар сонгох биш. Харин хэрвээ зах зээл маргааш өөрчлөгдвөл миний ачаанд ямар нөлөө гарах вэ? гэдгийг урьдчилж асуух явдал.
Учир нь өнөөдрийн олон улсын тээвэрт “хямд үнэ” дангаараа давуу тал биш болсон.
Харин зөв мэдээлэлтэй, зөв timing-тай, зөв route-тэй, зөв эрсдэлийн төлөвлөгөөтэй байх нь жинхэнэ давуу тал болж байна.
Omni Shipping таны ачааг зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү хүргэхээс гадна тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн тохирох тээврийн шийдлийг санал болгохын төлөө үргэлж ажиллаж байна.



