Цаагуур чинь юу болоод байна?
Чингэлэг ч гэсэн хүн
Тээвэр зуучийн түүхэнд бид хамгийн анх 1800-аад оны үед чингэлэгт ачаа хийж тээвэрлэж байсан. Гэхдээ анхны загварууд нь хоорондоо огт авцалдаагүй, давхарлах боломжгүй, материалын бүтцийн хувьд чанар тийм ч хангалтгүй, угаасаа тэр үеийн технологийн боломж бололцоо нь “тиймэрхүү” байсан шүү дээ.
Үүнээс хойш чингэлгийн бүтэц бага багаар өөрчлөгдөж 1955 онд Malcolm McLean гэх бизнес эрхлэгч Pan-Atlantic Steamship Company(Чингэлэгт тээвэр зуучийн компани)-г худалдан авч 1956 онд өөрийн нэр дээр стандартчилагдсан чингэлгийг патентжуулж, тээвэр зуучийн салбарт томоохон ахиц дэвшлийг авчирсан түүхтэй. Бүгд стандарт хэмжээтэй, материалтай болох нь цаг хугацаа, орон зай, үнэ хөлсийг хэмнэх хамгийн чухал бүтэц болсон байдаг.
За тэгвэл хамгийн гол сэдэв рүүгээ орцгооё. Анхны стандартчилагдсан цагаас хойш олон сайжруулалтууд гарч бидний одоогийн хэрэглэдэг чингэлгүүд бий болсон.
Гэхдээ... одоогийн үйлдвэрлэж буй материал нь ган төмөр(зэврэлтэд тэсвэртэй сайн чанарын боловсруулсан материал) хэдий ч элэгдэл үүсэх нь мэдээжийн зүйл. Тиймээс чингэлэгт АРЧИЛГАА үргэлж хэрэгтэй байдаг.
Нэг улсаас нөгөө улс руу зөөх тээвэрт бидний барааг өөртөө агуулах гол хэрэглэгдэхүүн болох чингэлэг маань үнэхээр л халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, олон төрлийн саад бэрхшээлийг туулж ирдэг бөгөөд энэ хугацаанд чингэлэгт гэмтэл үүсэх олон шалтгаанууд тохиолддог. Гэхдээ бид гадны чанартай гэмтэл гэхээс илүү цаг хугацаа, эдэлгээний чанартай үүсдэг гэмтэл, бараа хадгалалтын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсээс хэрхэн сэргийлэх тухай ярих болно.
Чингэлэг гаднаа бол ган төмөр материалаар хийгдсэн сав тэгэхээр энэ ган төмрийг янз бүрийн гадны нөлөөтэй гэмтэл, зэврэлт, температурын өөрчлөлтөөс хамгаалах хамгийн гол зүйл нь эхний ээлжинд хамгаалалтын будаг юм. Зэврэлтийг арилгах, зэврэлтээс сэргийлэх, гадаргууг батжуулах, галаас хамгаалах, температурын горимтой чингэлгийг тухайн температураа барихад нь туслах зориулалттай гээд олон төрлийн зориулалттай будгийг бид ашигладаг.
Аливаа тээвэр зуучтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хамгийн гол нь өөрсдийн мэдлийн чингэлэгтэй аль ч албан байгууллага өөрсдийн эд хөрөнгийн үнэ цэнийг унагалгүй, давхар гарч болох эрсдэлүүдээс сэргийлье гээвэл заавал энэ төрлийн будагнуудаас өөрсдийн шаардлага хэрэгцээнд тохируулан сонгож хэрэглэх нь зүйн хэрэг юм.
Мөн энэ салбарт хамгийн түгээмэл бөгөөд энгийн байдаг нэгэн маркетингийн аргад ч чингэлгийн өнгө үзэмж маш чухал нөлөөтэй байдаг. Хэрвээ та бүхэн мэдэж байгаа бол тээвэр зуучийн компаниуд өөрсдийн лого болон, шаардлагатай бол бусад мэдээллүүдээ чингэлэг дээр байршуулдаг шүү дээ. Энэ бол салбартаа хурдан танигдах, за Монголдоо бол бараг flex шахуу зүйл гэж ойлгож болно.
Юу болоодаанбээ?
Он гараад л олон улсын томоохон үйл явдлуудаар биднийг угтсан 2026 он маань төгсгөл хүртлээ дуулиан шуугиантай байх бололтой. Саяхан буюу 1 сарын 3-нд болсон үйл явдлын талаар та бүхэн бүгд л хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Ерөнхийдөө Америкийн зүгээс тусгай ажиллагаа явуулж Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийн хамт баривчилж шууд шүүх хурлын тавцан руу ёстой л өмсөж байсан хувцастай нь чирээд авч явсан.
Венесуэлийн хувьд газрын тосны хамгийн их нөөцтэй улсуудын нэг бөгөөд манай урд хөршид газрын тос нийлүүлэгч, стратегийн том түншүүдийх нь нэг юм. Энэ ч утгаараа Хятадын зүгээс энэ үйл явдал дээр маш шүүмжтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Яагаад ийм зүйлс болсныг ярьвал бидний сэдвээс хазайх учир, мөн та бүхнийг хэдийнээ мэдэж байгаа гэж үзээд энэ тухай ярилгүй цааш явцгаая.
Тэгэхээр энэ бүх үйл явдал олон улсын тээврийн салбарт яаж нөлөөлөх боломжтой вэ?
Хамгийн түрүүнд мэдээж газрын тосны эрх мэдэл нь хаашаа шилжих вэ? Гэдэгтэй бүх зүйлс холбогдоно. Одоогоор бол энэ хараахан тодорхойгүй байгаа бөгөөд газрын тосны үнэ ч тийм ихээр өөрчлөлтөд ороогүй байна. Гэхдээ Венесуэлээс газрын тос худалдан авч буй улсууд адаглаад л мөнгийг нь хаашаа өгөх нь хүртэл бага зэрэг ойлгомжгүй болно. Учир нь Мадурогийн эрх мэдэл, засаглалтай холбоотой л доо. Ерөнхий хандлагын хувьд бол газрын тосны эрэлт өсөж Венесуэлийн нөөцийг болж өгвөл шахах хандлагатай байгаа. Мөн улс хоорондын байдлаас шалтгаалан урьд нь хэрэгжиж байсан supply chain-ы үйл ажиллагаанд ч өөрчлөлт орох учраас Латин Америктай холбоотой тээвэр хийдэг бүхий л үйл ажиллагаа эрхлэгчдэд асуудал тулгарч байгаа юм.
Мөн Америк өөр тийш анхаарлаа хандуулж байх зуур Хятадын зүгээс ч илүү ширүүн арга хэмжээ авах магадлалтай байгаа нь Тайваныг бүрэн эрхшээлдээ оруулах шүү дээ. Тайван өөрөө Зүүн Өмнөд Азийн худалдааны түшиц газруудын нэг учраас үүн дээр Япон гэх мэт улсууд ч зүгээр суухгүй нь тодорхой. Ингээд хараад үзэхээр 2026 он үнэхээр халуухан болох шинжтэй.
За бидэнтэй ямар хамаатай юм гэж бодож болох хэдий ч ямар нэгэн байдлаар бидэнд нөлөөлөх нь бол тодорхой шүү дээ. Яг л том хэмжээтэй чулууг усанд хаях үед гардаг долгион шиг.
Та юу гэж бодож байна?
Том гүрнүүд бие бие рүүгээ нэг л муухай харахад юмс нилээн эвгүйтэх боломжтой. Учир юу вэ? Гэвэл дээр дурьдсанаар Америкийн хувьд одоо илүү урагшаагаа буюу Венесуэл, Колумб гэх мэт улсууд руу анхаарал хандуулж байна. Энэ боломжийг ашиглан Хятадын зүгээс Тайван руу чиглэсэн “шийдсэн” үйл ажиллагаа өрнүүлвэл одоогийн АНУ-Хятадын баримталж байгаа татварын бодлогод өөрчлөлт орох, цаашлаад цэргийн арга хэмжээ ч авагдаж болзошгүй нөхцөл байдал үүсэж, гадны экспортоор зах зээлд байгаа бараагаа дүүргэдэг манайх шиг улсад их л ширүүн нөлөөлөх байх.
ОХУ-Украйны дайн, Хятад-Тайваны асуудал, АНУ-Венесуэл(дараагийх нь Колумб гэсэн сураг дуулдав) гэх мэт энэ гайхалтай үйл явдлууд дээр АНУ-Хятадын харилцаа одоо байгаагаасаа дордвол олон улсын худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаад томоохон доголдол бий болно. Гайхалтай, энэ бүх улсуудад маш их баярлалаа.(Улам дордуулж байгаад. -_- )
Мэргэжилтний зөвлөгөө
Геополитикийн хурцадмал үйл явдлууд өрнөж дараа дараагийн илүү хурцадмал үйл явдлуудаа дуудаж байгаа энэ үед бол олон улсын байдлыг үргэлж ажиглаж, ямар зүйлс болох боломжтойг таамаглаж байж ямар маршрутаар тээвэр хийх эсэхээ шийдэх хэрэгтэй.
Тээврийн уян хатан байдал буюу гэнэт болж буй өөрчлөлтүүдэд ямар арга хэмжээ авах, яаж тээвэрлэлтийг зогсоолгүй үргэлжлүүлэх гэх мэт зүйлсийг гадаад агентуудтай болон үйл ажиллагааны хамтрагчидтайгаа урьдаас сайтар зөвшилцөж саад учирвал шууд дараагийн хувилбар руу шилжихэд бэлэн байх хэрэгтэй. Мөн тээвэрлэлтийн маршрут өөрчлөгдвөл түүнтэй холбоотой зардал, цаг хугацаа ч өөрчлөгдөх учир энэ бүхнийг анхнаас нь сайтар тооцоолон үйлчлүүлэгчтэй нээлттэй хэлэлцэх нь зүйтэй.



