Omni Shipping 2025 оны даатгалын нөхцөл

Omni Shipping 2025 оны даатгалын нөхцөл

ДААТГАЛЫН НӨХЦӨЛ

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1. Энэхүү нөхцөл нь “Омни Шиппинг” ХХК-ийн Даатгагчтай байгуулсан даатгалын гэрээний дагуу санал болгож буй нөхцөл бөгөөд “Омни Шиппинг” ХХК-иар дамжуулан тээвэрлэгдэж буй ачаа, бараанд учирч болох эрсдэлийг хамгаална.

2.    ДААТГАГЧ

2.1.  Амар Даатгал ХХК

 

3.    ДААТГУУЛАГЧ

3.1.  /Тухайн гэрээ хийж буй харилцагч байгууллага, хувь хүн/

 

4. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

4.1. “Даатгалын гэрээ” гэж талуудын хооронд үүсэх даатгал, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах зорилго бүхий даатгалын зүйл, бүтээгдэхүүний нөхцөл, зарчим, хууль, эрх зүйн харилцааг зохицуулсан нийтлэг зохицуулалт бүхий энэхүү “Даатгалын гэрээ”-г; 

4.2. “Даатгалын сертификат” гэж Даатгагчаас Даатгуулагчид олгох, Даатгалын гэрээний шаардлагатай зарим нөхцөлийг хялбаршуулсан журмаар тусгасан гэрчилгээг;

4.3. “Даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд болох “Амар Даатгал” ХХК-ийг;

4.4. “Даатгуулагч” гэж Даатгалын тухай хуулийн 4.1.3-т заасан өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

4.5. “Асуулгын хуудас” гэж Даатгагчаас хүргүүлсэн маягтын дагуу Даатгуулагчийн гаргасан даатгуулах хүсэлт, даатгалын зүйлийн талаарх мэдээлэл, жагсаалт болон даатгалын эрсдэл тодорхойлоход шаардлагатай бусад баримт материалын бүрдлийг; 

4.6. “Даатгалын зүйл” гэж Гэрээнд тусгасан Даатгуулагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг;

4.7. "Даатгалын эрсдэл" гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг;

4.8. “Даатгалын тохиолдол” гэж даатгалын зvйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;

4.9. “Даатгалын хамгаалалт” гэж Гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг барагдуулах даатгалын гэрээгээр хүлээсэн Даатгагчийн хариуцлагыг;

4.10. “Даатгалын хураамж” гэж Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө Даатгагчид төлөх төлбөрийг;

4.11. “Даатгалын үнэлгээ” гэж Гэрээний тусгай нөхцөлд бичигдсэн,  даатгалын зүйлийн мөнгөн илэрхийллийн хэмжээ буюу даатгалын хамгаалалтын дээд хэмжээг;

4.12. “Даатгалын үнэлгээг сэргээх” гэж Даатгуулагч нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний хугацаанд тухайн хэмжээгээр буурах бөгөөд авсан нөхөн төлбөрийн дүнгээс гэрээний дагуу даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн төлж, даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхийг;

4.13. “Өөрийн хүлээх хариуцлага” гэж даатгуулагчид олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу өөрөөр хэлбэл учирсан хохирлоос гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийн өөрөө хариуцах хохирлын хэмжээг;

4.14.  “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөх зорилгоор Даатгагчаас Даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийг;

4.15. “Нэн даруй” гэж Улаанбаатар хотод 24 цаг, орон нутагт 72 цаг, хилийн чанадад 168 цагийг;

4.16. “Төлбөрийн нөхцөл” гэж Гэрээнд заасан даатгалын хураамж төлөх хуваарь, нөхцлийг; 

4.17. “Хамрагдахгүй нөхцөл” гэж Гэрээнд тусгайлан зааснаар даатгалын эрсдэлд хамрагдахгүй буюу даатгалын тохиолдол гэж үзэхгүй нөхцлийг;

4.18. “Нөхөн төлбөрийн материал” гэж даатгалын тохиолдол үүсэхэд Даатгуулагчийн Даатгагчаас нөхөн төлбөр төлөх үндэслэл болгон гэрээнд заасны дагуу бүрдүүлэх нөхөн төлбөрийн өргөдөл, даатгалын тохиолдол, хохирлыг нотлох заавал бүрдүүлэх баримт бичиг, материалыг;

4.19. “Олгохоор тооцсон нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгалын гэрээнд заасны дагуу даатгагчаас тооцон гаргасан нөхөн төлбөрийн хэмжээг;

4.20. “Үүргээ ноцтой зөрчсөн” гэж аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас нөгөө талын эрх ашгийг хохироох, эсхүл гэрээг үргэлжлүүлэх боломжгүй зөрчил гаргасныг;

4.21. “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж Гэрээд заасан хугацааны /даатгуулагчийн хүсэлтээр, даатгагчаас нэмэлтээр тогтоосон хугацааг оролцуулан/ дотор төрийн эрх бүхий байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, даатгагч эсхүл даатгуулагч хүндээр өвчилсөн, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, эсхүл давагдашгүй хүчин зүйлс /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ тохиолдсон, улс орон даяар болон тодорхой бүс нутагт онц болон дайн бүхий байдал зарласан, мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт, тодорхойлолт нь гараагүй зэрэг болон өөрөөс нь үл хамаарах бусад шалтгаанаар эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг ойлгох бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг тодорхой нотлох баримтад тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг тогтооно. Гэрээний нөхцлийг мэдэхгүй, буруу ойлгосон нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй;

4.22. Хүлээн авагч” гэж даатгалын сертификатад нэрлэгдсэн газраас даатгалын зүйлийг хүлээн авч ачааг хүлээлцэх акт (Delivery receipt)-ийг үйлдэх, мөн даатгагчид хохирлын талаар мэдээлэх этгээдийг хэлнэ.

4.23. “Барааны нэхэмжлэх” (commercial invoice) гэж барааг худалдан авсан тооцооны баримт бөгөөд барааны нэр, тоо хэмжээ, нэгжийн үнэ, худалдааны нөхцөлийг тусгасан байна. Энэ баримт нь импорт/экспортод борлуулсан бүтээгдэхүүний хувьд экспортлогч болон импортлогчдын хооронд хийгдсэн арилжааны нотлох баримт болдог.

4.24. “Хөндлөнгийн шинжээчийн тайлан” (inspection survey report) гэж автомашин, мотоцикл, мопед тээвэрлэхэд хамааралтай бөгөөд тухайн төрлийн ачаа барааг зөөвөрлөх тээврийн хэрэгсэлд ачуулахын яг өмнө болон дараах, ачаа барааг тээвэрлэгдэх явцын болон эцсийн цэгт хүргэгдэн ирсэн ачаа барааг хүлээн авах үеийн нөхцөл байдал, шинж чанар, фото зургийг хавсаргасан хөндлөнгийн албан ёсны шинжээч байгууллагын шалгасан баримт бичгийг хэлнэ.

4.25. “Бүрэн сүйрэл” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн сэргээх боломжгүй эсхүл сэргээн засварлах  шууд зардал нь барааны нэхэмжлэл /commercial invoice/-д заасан үнийн 90 ба түүнээс дээш хувиар хэмжигдсэн хохирлыг хэлнэ.

4.26. “Хэсэгчилсэн сүйрэл” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлийн сүйрсэн хэсгийг сэргээн засварлах  шууд зардал нь тухайн даатгалын зүйлийн барааны нэхэмжлэл /commercial invoice/-д заасан үнийн 90-ээс  доош хувиар хэмжигдсэн хохирлыг хэлнэ.

4.27. “Нэмэлт зардал” гэж даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан үед эсхүл учрахаар заналхийлж байгаа үед түүнийг хамгаалах, аврах, хор нөлөөг бууруулах үүднээс боломжит арга хэмжээ авснаас үүдсэн зардлыг; 

4.28. “Ерөнхий дундаж” (general average) гэж далайн тээврийн үед тохиолддог бөгөөд тухайн ачаа бараанд үүссэн нөхцөл байдал нь бусад ачаа бараа болон хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлж байвал хөлгийн ахмад ерөнхий дунджийг зарлан, хамгийн ойр байрлах портруу чиглэлийг өөрчилдөг. Үүнтэй холбоотойгоор үүссэн зардлыг хөлөг онгоц дээрх ачаа бараа эзэмшигч өмчлөгчид нийт хохирлын дүнд эзлэх өөрийн ачаа барааны хувийн жингээр хариуцлага хүлээх харилцааг хэлнэ.

4.29. “Ачааг хаях” (jettison) гэж тухайн ачаа бараа нь бусад ачаа бараа болон агаарын хөлөг, хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлж байвал тухайн онгоцны тэнцвэртэй байдлыг хангах зайлшгүй шаардлагаар ачаа барааг агаарын хөлөг, хөлөг онгоцноос хаяхыг хэлнэ.  

4.30. “Олон улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (JCC-Joint Cargo Committee)-с зарладаг жагсаалт”            гэж

https://watchlists.ihsmarkit.com/services/watchlistinspector.aspx?watchlist_id=a661e336-c342-4965-

b1e7-70980edf8cc2 вэб сайт дээр эрсдэлийн түвшингээр нь улс орнуудыг эрэмбэлсэн үзүүлэлтийг хэлнэ.

4.31. “Тээврийн падаан” (bill of lading) гэж тээвэрлэх барааны төрөл, тоо хэмжээ, тээвэрлэх чиглэлүүдийг нарийвчлан тусгасан баримт бичгийг хэлнэ. Тээврийн ямар төрлийг ашиглахаас үл хамааран энэ баримт нь ачигдсан барааг дагалдаж явах ёстой бөгөөд ачаа илгээгч, тээвэрлэгч, болон хүлээн авагч гарын үсэг зурах ёстой.

4.32. “Баглаа боодлын жагсаалт” (packing list) гэж тээвэрлүүлэх барааны боодол бүрт түүнд орсон зүйлсийн жагсаалтыг дурьдсан бөгөөд үүгээр тоо хэмжээ, тайлбар, бүрэлдэхүүнүүдийн жингийн мэдээллийг харуулсан баримт бичгийг хэлнэ. Ачаа барааг хүлээлцэхэд бүрэн, бүтэн байдлыг хянахын тулд илгээгч бүрдүүлэн ачаа хүлээн авагчид явуулдаг.

4.33. “Гарал үүслийн гэрчилгээ” (certificate of origin) гэж тухайн барааны аль улсад үйлдвэрлэгдсэнийг илэрхийлэх зорилготой баримт юм. Энэ гэрчилгээнд бүтээгдэхүүнийг экспортлох улс болон хүрэх газрын тухай мэдээллийг агуулдаг ба олон гэрээ хэлэлцээрүүд өөр улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө энэ баримт бичгийг шаарддаг.

4.34. “Тээврийн нэхэмжлэх” (freight invoice) гэж тээвэрлэгчээс ачаа хүлээн авагчид явуулах тээврийн төлбөрийн баримт бөгөөд үүнд тээврийн тайлбар, тээвэрлүүлэгчийн нэр, тээвэр эхэлсэн эхний цэг, барааны жин, болон төлбөрүүдийн дүнг багтаасан баримт бичгийг хэлнэ.

4.35. “Ачаа хүлээлцэх акт” (delivery receipt) гэж ачаа барааг хүлээн авч эзэмшилдээ шилжүүлсэн гэдгийг батлах баримт бичгийг хэлнэ. Ихэнх бизнесүүд тухайн ачаа барааг зорьсон эзэндээ хүрсэн эсэхийг бодитоор баталгаажуулахын тулд бүрэн гүйцэд, гарын үсэг бүхий хүлээн авалтын баримтыг шаарддаг.

4.36. “Худалдах, худалдан авах гэрээ” (sales and purchase agreement) гэж худалдагч болон худалдан авагч талуудын хооронд хийгддэг бүтээгдэхүүн борлуулсан, худалдан авсныг баталгаажуулсан гэрээ юм. Энэ гэрээнд худалдаанд оролцогч талууд, тэдгээрийн албан ёсны хаяг, худалдсан бүтээгдэхүүний нэр, нэгжийн өртөг, тоо хэмжээ, нийт өртөг, худалдааны нөхцөлүүдийг тусгасан байдаг.

 

 

5. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Даатгагчийн эрх: 

5.1.1. Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;

5.1.2. Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

5.1.3. Шаардлагатай гэж үзвэл даатгалын зүйлтэй дэлгэрэнгүй танилцах;

5.1.4. Даатгалын зүйлд даатгалын эрсдэл тохиолдох боломж гэрээ байгуулагдах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг ихэсгэх буюу гэрээг цуцлах саналаа нөгөө талд тавих;

5.1.5. Даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг цуцлах саналыг нөгөө талд тавих;

5.1.6. Даатгалтай холбоотой шаардлагатай гэж үзсэн мэдээллийг даатгуулагчаас бүрэн хэмжээгээр гаргуулах;

5.1.7. Даатгалын тохиолдол бий болсон үед түүний шалтгаан, нөхцөлийг судлах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, шаардлагатай мэдээ, мэдээллийг Даатгуулагчаас шаардах;

5.1.8. Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Даатгуулагчаас шаардах.

5.2. Даатгагчийн үүрэг: 

5.2.1. Даатгалын хууль тогтоомж, даатгалын нөхцөлүүдийг даатгуулагчид танилцуулах, өөрийн санхүүгийн чадавхын талаарх мэдээллийг Даатгуулагчид өгөх;

5.2.2. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх;

5.2.3. Даатгалын нөхөн төлбөрийг энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу Даатгуулагчид олгох;

5.2.4. Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор Даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах.

 

6. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 6.1. Даатгуулагчийн эрх: 

6.1.1. Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;

6.1.2. Даатгагч шаардлагатай гэж үзвэл даатгалын зүйлийг даатгагчийн ажилтанд дэлгэрэнгүй танилцуулах;

6.1.3. Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

6.1.4. Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;

6.1.5. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгагчийн санхүүгийн чадавхын талаар холбогдох мэдээ, мэдээлэл шаардах;

6.1.6. Даатгагчийн санхүүгийн чадвар муудсан гэж үзэх хангалттай үндэслэл бий болсон тохиолдолд гэрээг цуцлах саналыг нөгөө талд тавих; 

6.1.7. Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Даатгагчаас шаардах;

6.1.8. Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор Даатгагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах; 

6.2. Даатгуулагчийн үүрэг: 

6.2.1. Даатгал болон даатгалын зүйлтэй холбоотой баримт, материал ба даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу, өөрийн зардлаар бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор даатгагчид хүлээлгэн өгөх;

6.2.2. Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүх арга хэмжээг авах; 

6.2.3. Даатгалын тохиолдол болсон тухай Даатгагчид тохиолдол болсноос хойш Улаанбаатар хотод нэн даруй, орон нутагт 72 цагийн дотор даатгагчийн claim@amardaatgal.mn, tuvshintur@amardaatgal.mn цахим шуудангаар эсвэл 1800-2111 дугаарын утсанд урьдчилан мэдэгдэх ба утсаар мэдэгдэх боломжгүй тохиолдолд мэссеж, дуут шуудан, албан бичиг гэх мэт аль боломжтой арга хэлбэрээр мэдэгдэх; 

6.2.4. Даатгагч шаардлагатай гэж үзсэнээр даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн эрх бүхий холбогдох байгууллагын хүмүүс оролцсон комисс томилж акт

тогтоолгох;

6.2.5. Даатгалын гэрээ байгуулахдаа асуулгын хуудсыг үнэн зөв, бүрэн бөглөж гэрээнд хавсаргах;

6.2.6. Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш шинээр бий болсон нөхцөл байдал, эрсдэлийн орчны өөрчлөлт, даатгалын тохиолдол бий болох боломжтой нөхцөл орчин бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх;

6.2.7. Холбогдох хууль болон гэрээнд заагдсан бусад үүрэг.

 

7. НУУЦЛАЛ

7.1. Ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон Талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, НоуХауг хугацаагүй чанд хадгалж бусдад дамжуулах, хэвлэн нийтлэхгүй байх үүрэгтэй.

7.2. Гэрээнд зааснаас бусад асуудлаар Талууд өөр хоорондын ашиг сонирхлыг хөндсөн хөндлөнгийн аливаа үйлдэл хийхгүй байх үүрэгтэй.

7.3. Талууд эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн өөр хоорондын байгууллагын нууцыг чанд хамгаална.

 

8. ҮНЭЛГЭЭ

8.1. Даатгалын нийт үнэлгээ буюу жилийн нийт хамгаалалтын хязгаар 1,000,000,000 төгрөг байх ба нэг удаагийн тохиолдлын хязгаар нь 500,000,000 төгрөг байна

 

9.    ДААТГУУЛАГЧИЙН ХАРИУЦАХ ХЭСЭГ

9.1. Олгохоор тооцсон хохирлын 5% буюу хамгийн багадаа 350 ам.доллар байна.

 

10. ЕРӨНХИЙ ХАСАЛТУУД

10.1. Даатгуулагч нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан, даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй өгсөн бол;

        10.2.         Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;

10.3. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;

10.4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор даатгагчид хүлээлгэн өгөөгүй бол;

10.5. Даатгуулагч даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;

10.6. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;  

10.7. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;  

10.8. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;

10.9. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;  

11.  БУСАД 11.1. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ МУ-ын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.

11.2.              Талууд энэхүү гэрээтэй холбогдон гарах аливаа асуудал, маргааныг МУ-ын хууль тогтоомж, энэхүү гэрээ болон гэрээний талуудын тэгш байдлын  үндсэн дээр аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд хэрэв талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

11.3.              Даатгуулагчийн хүсэлтээр даатгалын гэрээг гадаад хэл дээр байгуулах тохиолдолд тухайн даатгалын гэрээг Монгол хэл дээр давхар үйлдэн байгуулах бөгөөд уг гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Монгол хэл дээр байгуулагдсан гэрээг удирдлага болгон маргааныг шийдвэрлэнэ. 

 

12. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

        12.1.        Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд:

12.1.1. Даатгуулагчийн өргөдөл /Байгууллагын хувьд албан хүсэлт/;

12.1.2. Даатгалын гэрээ, баталгаа, даатгалын сертификатын эх хувь;

12.1.3. Тээврийн падааны эх хувь (Bill of lading);

12.1.4. Барааны нэхэмжлэлийн эх хувь (Commercial invoices);

12.1.5. Барааны гарал үүслийн бичгийн эх хувь (Certificate of origin);

12.1.6. Баглаа боодлын жагсаалтын эх хувь (Packing list);

12.1.7. Тээврийн зардлын нэхэмжлэлийн эх хувь (Freight invoice);

12.1.8. Ачаа хүлээлцэх актын эх хувь (Delivery receipt);

12.1.9. Худалдах, худалдан авах гэрээний хуулбар;

12.1.10. Тээвэрлэгч болон тээвэр зуучтай байгуулсан гэрээ;

12.1.11. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;

12.1.12. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;

12.1.13. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

12.1.14. Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал. Үүнд:

12.1.14.1. Хөндлөнгийн шинжээчийн тайлан (даатгалын тохиолдол гарсан даруй) түүний төлбөрийн баримт;

12.1.14.2. Анх ачилт хийгдсэн тайлан, тэмдэглэлийн эх хувь (Loading report in origin port);

12.1.14.3. Ачааг буулгасан тайлан, тэмдэглэлийн эх хувь (Unloading report in destination ports) гэх мэт.

12.2. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг даатгагч эс зөвшөөрсөн тохиолдолд даатгагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд уг үнэлгээг баримталж нөхөн төлбөрийг эцэслэн шийдвэрлэнэ. 

12.3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.

12.4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.

12.5.          Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 6.2.2-д заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.

12.6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно. 

12.7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 13.6-д заасан зохицуулалт үйлчлэхгүй.

12.8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

12.9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.

12.10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.

12.11.        Бүрэн сүйрлийн үед: Даатгалын нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

12.12. Хэсэгчилсэн сүйрлийн үед: Даатгалын зүйлд учирсан сүйрлийн тогтоогдсон хувиар даатгалын нийт үнэлгээнээс олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно. 

12.13. Хэрэв даатгалын үнэлгээг “CIF+10%” нөхцөлөөр тогтоосон бол даатгалын зүйлд хохирол учраагүй ч нэмэлт зардал* учирсан бол түүнийг барааны нэхэмжлэл болон тээврийн зардлын нийлбэрийн 10%-тай тэнцэхүйц хэмжээнд багтаан олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно. 

12.14. Ямар ч тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан нэхэмжлэлийн дагуу энэхүү гэрээний 13.15, 13.16-г үндэслэн олгоно.

12.15. Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасч олгоно.

12.16. Даатгалын зүйлийн үлдэх хэсгийн ашиглаж болох эд ангийн өртгийг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасч олгоно. Эсхүл үлдэх хэсэг нь даатгагчийн өмч болно. 

12.17. Даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл Монгол Улсын нутаг дэвсгэрээс өөр газарт учирсан тохиолдолд даатгалын зүйлын үлдэх, ашиглаж болох эд ангийг Даатгагчид шилжүүлэн өгөх үүрэг Даатгуулагч хүлээхгүй. 

13. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ 13.1.     Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана. Үүнд:

13.1.1. Даатгуулагчийн доорх үйлдэлтэй холбоотой нөхцөлүүд:

13.1.1.1. Даатгалын зүйлийг зориулалтын бус, тохиромжгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн зориулалтын бус чингэлэг, хайрцаг сав, агуулахад агуулсан;

13.1.1.2. Цаг хугацаа, температур, улирлын шинжтэй бүтээгдэхүүний тус онцлогийг харгалзалгүй тээвэрлэсэн (Харгалзаж тээвэрлэсэн боловч гэнэтийн эрсдэл учирсан тохиолдол энэ заалтад хамаарахгүй)

13.1.1.3. Тээвэрлэлтийн явцад орсон аливаа өөрийн мэдэж байсан өөрчлөлтийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдээгүй бол;

13.1.1.4. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид ажлын 5 хоногт багтаан мэдэгдээгүй бол;

13.1.1.5. Тээвэрлэлтийн явцыг даахуйц бэхэлгээ, сав баглаа боодол хийгдээгүй нь илт мэдэгдэхүйц эсвэл эрх бүхий байгууллагаас тогтоосон бол;

13.1.1.6. Даатгуулагч даатгалын гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд;

13.1.1.7. Хэрэв Даатгуулагч Монгол Улсын "Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль"-д заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд;

13.1.2. Даатгалын зүйлийн онцлог болон сав баглаа боодолтой холбоотой нөхцөлүүд: 

13.1.2.1. Даатгалын зүйлийн хэвийн хорогдол, элэгдэл, ууршилт, алдагдал, жин хэмжээний багасалт;

13.1.2.2. Гадны нөлөөлөлгүйгээр даатгалын зүйл өөрийгөө устгах, шинж чанараа алдах;

13.1.2.3. Даатгалын зүйлийн хадгалалтын горим алдагдах, хугацаа хэтрэх, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол;

13.1.2.4. Сав баглаа боодол, хамгаалалтын болон зөөх зориулалттай хийгдсэн сав, ачааны бэхэлгээ зэрэг нь шаардлага хангаагүйгээс;

13.1.2.5. Хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтэхэд сав баглаа боодолд учирсан хохирол;

13.1.2.6. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд заасны дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тохиолдолд;

13.1.3. Тээвэрлэгч болон тээвэрлэлттэй холбоотой нөхцөлүүд:

13.1.3.1. Тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол;

13.1.3.2. Тээвэрлэлтийн явцыг саатуулж болох тээвэрлэгчийн төлбөрийн чадвар муудалт, санхүүгийн хүндрэл;

13.1.4. Онцгой нөхцөлүүд:

13.1.4.1. Даатгалтай ачаанд стандартын дагуу хамгаалалт, сав баглаа боодол хийгээгүйгээс үүдсэн зэврэлт, өнгө гандах, исэлдэж муудах;

13.1.4.2. Ачаа барааг хүлээн авагчид хүлээлгэн өгсөнөөс хойш учирсан хохирол;

13.1.4.3. Гэрээнд өөрөөр тусгаагүй бол бүх төрлийн хөлдөөсөн мах, хөлдөөсөн хүнс;

13.1.5. Газар зүйн нөхцөлүүд: (Доорх бүс нутаг, улс орнууд руу тээвэрлэсэн болон тэндээс тээвэрлүүлсэн аливаа ачаа бараа, эсхүл эдгээр улс орнуудыг дамжин өнгөрөхөд учирсан хохирол)

13.1.5.1. Зүүн Африк, баруун Африк, төв Африк, өмнөд Африк;

13.1.5.2. Олон улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (JCC-Joint Cargo Committee)-с зарладаг жагсаалт*-д онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй буюу эрсдэлийн үнэлгээ нь 3,2-оос дээш гэж тусгагдсан улс орнууд;

13.1.6. Бусад нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд: 

13.1.6.1. Гуравдагч этгээдийн улс төр, үзэл санаа, шашны, танхай сэдэлтэй үйлдэл;

13.1.6.2. Хүрээлэн буй орчинд, тээвэрлүүлж буй тээврийн хэрэгсэлд болон гуравдагч этгээдэд  учруулсан эрсдэл;

13.1.6.3. Даатгалын тохиолдлоос үүдсэн эдийн засгийн хохирол;

13.1.6.4. Даатгалын зүйлийг засварлах зардал нь зүйлийн өөрийн үнээс давсан хэсгийг;

13.1.6.5. Гаалийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, зардал; 13.1.6.6. Хууль тогтоомжид заасан бусад.

14.  ДААТГУУЛАГЧИЙН ХҮЛЭЭХ ТУСГАЙ ҮҮРЭГ 14.1. Даатгуулагч нь даатгалд хамрагдахдаа тухайн ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой даатгагчийн шаардсан бүхий л мэдээллүүдийг гарган өгөх;

14.2.              Ачаа тээврийн даатгалын асуулгын хуудсыг үнэн, зөв бөглөн гэрээнд хавсаргах;

14.3.              Даатгалын тохиолдол бий болсон үед ажлын 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх;

14.4.              Ачааны сав баглаа, боодол, бэхэлгээг стандартын дагуу сайтар хийх, ачилтын үеийн фото зураг, бичлэг хийж баталгаажуулах;

14.5.              Даатгалын тохиолдол болсон үед даатгалын зүйлийг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах, хор хөнөөлийг бууруулах талаар боломжит арга хэмжээг цаг алдалгүй авах;

14.6.              Тээвэрлэлтийн явцад орсон аливаа өөрчлөлтүүдийг нэн даруй даатгагчид мэдэгдэх;

14.7.              Даатгуулагч автомашин тээвэрлүүлэх гэж байгаа бол ачилтын өмнөх үзлэг, шинжилгээ, тээвэрлэлтийн үеийн болон эцсийн цэгтээ ирсэн ачаа барааг (inspection survey report) хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шалгуулсан хөндлөнгийн шинжээчийн тайлан*-г даатгагчид хүлээлгэн өгөх;

14.8.              Даатгалын зүйл эцсийн цэгтээ ирсэн даруй даатгагчид мэдэгдэн даатгагчийн хамт даатгалын зүйлийн чингэлэг, хадгалах хайрцаг сав баглаа боодлыг задлан хүлээн авч даатгагчтай хамт ачаа хүлээлцэх акт дээр гарын үсэг зурах;

15. ДААТГАХГҮЙ АЧАА

        15.1.        Даатгалын үнэлгээг бодитой тогтооход хэт хүндрэлтэй аливаа ачаа бараа;

        15.2.        Тусгай зөвшөөрөл шаарддаг ачаанд зөвшөөрөл аваагүй ачаа бараа;

        15.3.        Өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй буюу маргаантай ачаа бараа;

        15.4.        Ачаа бараа нь тээвэрлэхээс өмнө эвдрэлтэй, хохирсон бол;

        15.5.        Зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээх гэж байгаа ачаа бараа;

        15.6.          Бэлэн мөнгө;

        15.7.          Эрдэнэсийн зүйл;

        15.8.          Амьд амьтан;

        15.9.          Хувьцаа, бонд;

       15.10.        Албан бичиг;

       15.11.        Тамга, тэмдэг;

       15.12.         Гар, утас;

       15.13.        Хориотой ачаа бараа;

15.14. Салют, тэсрэх сум, шахмал болон шингэн төлөвтэй тэсэрч дэлбэрэх зүйлс, тосон бүтээгдэхүүн, хий, газ;

15.15. Зурагдсан, хонхойсон, ямарваа нэгэн гэмтэлтэй автомашиныг тээвэрлэлтийн яг өмнө хийгдсэн inspection-гүйгээр;

 

16. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

        16.1.          Гал, дэлбэрэлт

        16.2.         Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах

        16.3.        Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

16.4.          Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй )

        16.5.         Осол болсон боомт дээр ачааг буулгах

        16.6.         Ерөнхий дундаж*(General Average)

        16.7.          Ачааг хаях* (Jettison)

        16.8.          Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах

16.9. Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

16.10. Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

       16.11.       Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

       16.12.       Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*

       16.13.       Бүх эрсдэл* (нөхөн төлбөр олгохгүй нөхцөлөөс бусад)

 

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping